Монгол хосуудын харилцаан дээрээ гаргадаг нийтлэг дөрвөн алдаа

2015 болон 2016 оны байдлаар манай сэтгэл зүйн төвд хандсан нийт үйлчлүүлэгчдийн дийлэнх хувийг хүүхэд болон хосуудын зөвлөгөө эзэлж байгаа бөгөөд асуудлын хувьд авч үзвэл харилцааны асуудал зонхилох байр суурийг эзэлж байгаа болно. Тиймээс энэ сэдэвтэй холбоотой зөвлөмжийг та бүхэндээ хүргэж байна.

БУУЛТ ХИЙХ ДУРГҮЙ
Ямар ч харилцаанд аль нэг тал буулт хийхгүйгээр эвлэрэх боломжгүй. Буулт хийснээр доошоо орсон гэсэн үг юмуу эсвэл таны үнэ цэнэ буурсан гэсэн үг ердөө ч биш. Энэ нь тухайн асуудлын шийдлийг хайж байгаа явдал юм. Өөртөө итгэлтэй хүмүүсийн хувьд бусдаас уучлалт гуйж буулт хийдэг учир нь энэ нь тэдний үнэлэмжинд нөлөөлөхгүй гэдгийг тэд сайн мэддэг. Өөрийнх нь буруу байсан ч заавал ялж байж санаа нь амардаг хүмүүсийн хувьд өөртөө итгэлгүй байдаг. Алдаа гаргасан бол буруугаа хүлээн зөвшөөрч уучлалт хүсэх, асуудлыг аль болох тухайн өдөртөө шийдэх нь асуудал даамжрахгүй байх, ахин нэг сэдвээс болж муудалцахгүй байхад тустай байдаг. Дийлэнхдээ харилцаанд даамжирсан асуудал маш энгийн жижиг асуудлыг тэр дор нь шийдээгүй хуримтлуулснаар үүссэн байдаг.

ХИЛ ХЯЗГААР ТАВЬДАГГҮЙ
Монгол хүмүүсийн харилцаан дээр гардаг нийтлэг асуудал бол бусдын асуудлыг өөртөө хамаатуулж бусдын өмнөөс хариуцлага үүрдэг явдал юм. Ялангуяа хосуудын хувьд асуудлыг өөрсдөө шийдэхийн оронд өрөөл бусдыг ялангуяа хоёр талын аав ээжийг оролцуулах хандлага өндөр байдаг бөгөөд үүнээс болж гэр бүл талцан хуваагдаж эргээд хосын төдийгүй хадмуудын хооронд харилцаанд асуудал үүсдэг. Нөгөө талаар эцэг эхчүүд насанд хүрсэн хүүхдийнхээ гэр бүлийн амьдралд хөндлөнгөөс оролцож хүүхдүүддээ юу хийхийг нь нэгд нэгэнгүй зааж бэр болон хүргэнүүдтэйгээ харилцах харилцаанд асуудал үүсдэг. Ийм харилцааг мэргэжлийн хэлээр сэтгэл зүйн хувьд цус холилдох гэж нэрлэдэг. Хүүхдийг багаас нь харилцаан дээр гарсан асуудлыг өөрсдөө шийдэх боломжийг олгох нь чухал байдаг. Хүүхдээ өмөөрөн бусад хүүхдүүдтэй эцэг эх нь байнга заргалдаж асуудлыг шийдэх нь эргээд хүүхэд харилцаан дээр өөртөө итгэлгүй болж өсөх гол үндэс нь болдог.

АСУУДЛЫГ ЭЕ ЭВЭЭР БУС ХЭРҮҮЛ ТЭМЦЛЭЭР ШИЙДЭХИЙГ ОРОЛДДОГ
Үр дүнтэй харилцаа нь тухайн хүнийг анхааралтай чих тавин сонсохоос эхэлдэг. Тухайн хүний хэлж буй зүйлийн агуулгыг сонсохоос гадна тухайн хүн юу мэдэрч байна, сэтгэл санааных нь байдал ямар байна гэдгийг сонсохоос ойлголцолд ирдэг. Хосуудын хувьд ч тэр, эцэг эхчүүд хүүхэдтэйгээ харилцахдаа ч тэр нөгөө талыг сонсохоос илүүтэй үглэж янших, хараалын үг урсгах, таамаглах, нударга зөрүүлэх нь олонтаа ойлголцолд ирэхэд саад учруулдаг. Харилцаанд тухайн хүний үгэн бус хэл буюу биеийн хэлэмж 55%, дуу хоолойны өнгө 38%, зөвхөн 7% нь агуулгаар илэрхийлэгдэж байдаг. Тиймээс хэдийгээр та зөв зүйтэй зүйлийг хэлсэн ч энэ нь таны дохио зангаа үүнд харц, нүүр царайны хувирал мөн дуу хоолойны өнгө өндөр уур уцаартай байвал нөгөө талд үүнийг хэзээ ч зөв талаас нь хүлээж авдаггүй.

АСУУДЛЫГ ӨӨРӨӨСӨӨ БУС ӨРӨӨЛӨӨС ШИЙДЭГДЭНЭ ГЭЖ ГОРЬДОХ
Харилцаан дээр асуудал гарах үед нөгөө талыг өөрчлөгдөнө гэж хүлээдэг. Харин бодит байдал дээр бид бусдыг яг өөрийнхөө хүссэнчлэн өөрчилж чадахгүй. Асуудлыг зөвхөн нөгөө хүн өөрчлөгдөх үед шийдэгдэнэ гэж үзэж байгаа тохиолдолд та өөрөө юу ч хийж чадахгүй мэт байдалд ордог. Монгол хүмүүст ажиглагддаг нийтлэг сэтгэлгээ нь аливаа асуудалд хэн нэгэн хүнийг буруутгах явдал бөгөөд энэ нь хохирогчийн сэтгэлгээтэй болоход нөлөөлдөг. Яг үнэндээ бид өөрчлөлтийг өөрөөсөө эхлэх хэрэгтэй гэж ярьдаг, энэ нь тухайн хүн өөрийгөө таньж мэдэхээс эхэлдэг. Тухайн хүн өөрийгөө таньж мэдсэнээр өөрт байгаа дутагдлаа хүлээн зөвшөөрснөөр өөрчлөгдөж чаддаг. Ямар ч хүн өөрт нь асуудал байна гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд өөрчлөлт явагддаггүй.

Бэлтгэсэн: Т. Хонгорзул (Сэтгэл Зүй Хүний Хөгжлийн Шинэ Эхлэл Төвийн Тэргүүн, Сэтгэл зүйч)

 

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …