Өнгөрөгч баасан гараг буюу 3 сарын 30-ны өдөр НИТХ-ын ээлжит бус III хурал төлөөлөгчдийн хувийн ирцтэйгээр 11:30-17:00 цаг хүртэл хуралдлаа.
Хуралдаанаар НИТХ-ын Тэргүүлэгчдээс 2018 оны 1 улиралд хэрэгжүүлсэн ажлын тайлан мэдээллийг сонсох, Улаанбаатар чөлөөт бүс байгуулах асуудлыг судалж, санал дүгнэлт боловсруулах, ажлын хэсгийн танилцуулга, хэлэлцүүлэг, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх 100 айлын барилгын материалын захыг үе шаттай нүүлгэх асуудлыг судлах ажлын хэсгийн танилцуулга, Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах ажлын явц, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай танилцуулга, НИТХ-ын бүтцийг өөрчлөх, “Хуралдааны дэг”-д өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэх зэрэг асуудлыг хэлэлцэхээр тогтсон НИТХ-ын хороодын бүтцийг өөрчлөх, хурлын дэгт өөрчлөлт оруулах асуудлыг төлөөлөгчдийн олонхийн саналаар дараачийн хуралдаанаар хэлэлцэхээр хойшлуулж, бусад дөрвөн асуудлыг хэлэлцлээ.
НИТХ-ын төлөөлөгчид Улаанбаатар эдийн засгийн чөлөөт бүс байгуулах, 100 айлын барилгын материалын захыг нүүлгэн шилжүүлэх асуудлын хүрээнд ажлын хэсгийн ахлагчдаас олон асуулт асууж, хариулт авч, саналаа гаргаж хуралдаанд идэвхтэй оролцлоо. Хуралдааны эхний хэсэгт Улаанбаатар эдийн засгийн чөлөөт бүсийн асуудлыг НИТХ-ын төлөөлөгч, Ажлын хэсгийн ахлагч Р.Дагва танилцууллаа.
Энэ үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан “Засаг захиргааны байгууллагууд өнгөрсөн хугацаанд өдөр тутмын асуудал болсон худаг ус, тог цахилгаан, орон сууц, агаарын бохирдол, авто зам, замын түгжрэл гэх мэтэд анхаарлаа хандуулсаар 20 жил гаруй жилийн хугацааг ардаа үдсэн. Одоо бид эдгээр асуудлаа үргэлжлүүлэн ярьсаар 20 жил болох уу, эсвэл эдийн засгийн хөгжлийн суурь болсон, урт хугацааны тогтвортой хөгжлийн бодлого, шийдэл болох асуудлаа хэдийгээр орон нутгийн өөрөө удирдах байгууллагын хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлэх боломжгүй ч гэсэн НИТХ-ын хувьд, иргэдийн өмнө хүлээсэн үүргийнхээ хүрээнд, өөрсдөө санаачлагатай, хариуцлагатай, идэвхтэй оролцож, холбогдох байгууллагуудад нь асуудлыг тавьж шийдвэрлүүлж байж хот эдийн засгийн чадавхиа нэмэгдүүлнэ. Нийслэлийн иргэдийн ажил орлоготой байх, хотын ирээдүйн хөгжлийн асуудал зайлшгүй эдийн засгийн чадавхийг бий болгох Улаанбаатар чөлөөт бүсийг байгуулах явдал. Орлогогүй өрх, ажилгүй иргэн, эдийн засгийн чадавхигүй хот хөгждөггүйн жишээ олон. Тиймээс чөлөөт бүсийн асуудал цаг үеэ олсон, ингэхдээ харьцангүй оройтож шийдвэрлэгдэж байгаа асуудал гэж ойлгож байгаа…” гэв.
Улаанбаатар эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулах асуудлын судалгаа тооцоог сайн хийх, Чингис хаан нисэх буудлын барилгыг ашиглан музей болон бусад чиглэлээр аялал жуулчлалын төв болгон хөгжүүлэх, чөлөөт бүсийн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх тухайд холбогдох газруудтай нь хамтарч ажиллах, Хотын засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод үүрэг чиглэл өгөх эзрэг саналыг Хурлын төлөлөөгчид илэрхийлж, Улаанбаатар эдийн засгийн чөлөөт байгуулах ажлыг эхлүүлэхийг дэмжлээ.
Үдээс хойшхи хуралдаанд 100 айлын барилгын материалын захыг 3 үе шаттайгаар нүүлгэхээр болж байгаа тухай НИТХ-ын төлөөлөгч, Ажлын хэсгийн ахлагч Ч.Гантулгын хийсэн ажлын тайлан мэдээлэлтэй Хурлын төлөөлөгчид танилцаж, асуулт асуун, саналаа илэрхийллээ. Ажлын хэсгийн ахлагч Ч.Гантулга “…Нийслэлчүүдийн эрүүл аюулгүй орчинд хор хохирол олон жил учруулж ирсэн 100 айлын барилгын материалын захыг нүүлгэх цаг нь болсон уу гэдэгтэй хэн ч маргахгүй. Дэлхийн хэмжээний томоохон аль ч хотод хотын төв талбайгаас 1 км хүрэхгүй газар манай 100 шиг орчин нөхцөлтэй нэг ч газар байхгүй. Тиймээс бид цаг алдалгүй энэ ажлыг эхлүүлэх ёстой. Гэхдээ бид ТҮЦ нүүлгэх гэж байгаа шиг 100 айлын барилгын материалын худалдаа эрхлэгч, бизнесменүүдийг хөөж тууна, албан тараана гэсэн үг биш. Бид энэ ажлыг 3 үе шаттайгаар 3-4 жилд багтаан хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Эхний ээлжид ил задгай худалдааг зогсоож, авто замыг өргөтгөх ажлыг эхлүүлнэ” гэв. Хурлын төлөөлөгчидийн зүгээс 100 айлын барилгын материалын захыг нүүлгэнэ гэдэг нэршлийг “Зөв төлөвлөлт” гэж өөрчлөх, судалгааг нарийвчлан хийх, хотын ерөнхий төлөвлөгөөний газар, НМХГ мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах хэрэгтэй гэх саналыг дэвшүүлэв.
НИТХ-ын ээлжит бус III хуралдаан ийнхүү төлөөлөгчдийн асуулт хариулт, ажил хэрэгч санал өрнөж, Нийслэл хотод ажлын байр олноор бий болгох Улаанбаатар чөлөөт бүсийг байгуулах ажлыг эхлүүлэх, 100 айлын барилгын материалын захыг үе шаттай нүүлгэх асуудлыг Хурлын төлөөлөгчдийн олонхи нь дэмжсэнээр өндөрлөлөө.
НИТХ-ын ХМОНХТ