Өчигдөр Гадаад харилцааны яамнаас “Мэдээллийн цаг” хэвлэлийн бага хурал зарлаж ГССХГ-ын захирал, хэвлэлийн төлөөлөгч Х.Мандахцэцэг цаг үеийн асуудлаар болон хийж хэрэгжүүлсэн онцлох ажлын талаар мэдээлэл өглөө.
Монгол Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны 8 дугаар хуралдааныг гуравдугаар сарын 20-21-ний өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд хуралдаанаар хоёр талын харилцааны асуудлууд, цаашдын хамтын ажиллагааны төлөв байдал чиглэлийн талаар санал солилцжээ.
Тухайлбал, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим Туркийн Гадаад эдийн засгийн харилцааны зөвлөл, экспортлогчдын нийгэмлэг, худалдааны танхимуудын холбоотой хөгжүүлж буй хамтын ажиллагааг идэвхжүүлж, бизнесийг дэмжих уулзалт, арга хэмжээг энэ онд зохион байгуулах, цаашид хамтран ажиллахаар болсон талаар онцлов.
Хоёрт, Монгол, Казахстаны ЗГХК-ын 7 дугаар хуралдаанд гуравдугаар сарын 28-29-ний өдрүүдэд ХНХ-ын сайд С.Чинзориг тэргүүтэй төлөөлөгчид оролцож худалдаа, эдийн засаг, зам тээвэр, боловсрол, хөдөө аж ахуй зэрэг салбарын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцжээ
Цаашлаад БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны 3 дугаар хуралдааныг гуравдугаар сарын 26-ны өдөр зохион байгуулсан бөгөөд хуралдаанаар хоёр улсын “Иж бүрэн түншлэлийн харилцаа”-г гүнзгийрүүлэн бэхжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, зах зээл, тусламжийн төслүүдийн хэрэгжилтийг түргэтгэх асуудлыг хэлэлцжээ. ГССХГ-ын захирал, хэвлэлийн төлөөлөгч Х.Мандахцэцэг хэлэхдээ хоёр орны иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх тал дээр тодорхой үр дүнд хүрсэн. Урт хугацааны олон удаагийн визийг олгох тал дээр БНСУ-ын тал нааштай хандаж байгаа. Цаашид БНСУ руу визгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна гэсэн.