Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Л.Чинбатад хууль ёсны гэрчилгээ, тамга гардуулсан тухай болон үүсээд байгаа нөхцөл байдлын талаар гүйцэтгэх захирал, хуульчид, болон бөхчүүдийн төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ.
МҮБХ-ны гүйцэтгэх захирал Ц.Төмөрсүх тус холбооноос гаргасан мэдэгдлийг уншиж танилцууллаа.
МЭДЭГДЭЛ
Удаа дараа хууль бусаар үйл ажиллагаа явуулж бөхчүүд болон олон нийтийг төөрөгдүүлж, нийгмийн сэтгэл зүйг будилаантуулж байгаа Р. Нямдорж, Б. Бат-Эрдэнэ нарын дараах үйлдлийг Монголын үндэсний бөхийн холбооны шинэ удирдлагаас эсэргүүцэж мэдэгдэл гаргаж байна.
Нэг. Монгол Улсын гурван шатны шүүхээс 2011 онд МҮБХ-ны 6-р Их Эеэс сонгогдсон Цэцдийн зөвлөлийг хүчингүй болгохыг нотолж санал нэгтэйгээр шийдвэрлэсэн юм. Гэтэл 6 жилийн дараа буюу 2017.06.22-ны өдөр тэрхүү хүчингүй болсон Цэцдийн зөвлөлийг хуралдуулж МҮБХ-ны 8-р Их Эе гэгчийг зарласан нь хууль бус юм. Хууль бус учраас хуралдуулж болохгүй гэж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Р. Нямдоржид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч Их Эеийг 2018.03.24-ний өдөр хуралдуулж тэргүүнээр Б. Бат-Эрдэнийг сонгосон нь хууль бус юм.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт хууль бусаар хуралдсан МҮБХ-ны 8-р Их Эеийн тухай мэдээллийг Улсын бүртгэл бүртгэхгүй байхыг удаа дараа мэдэгдсэн. Тиймээс Улсын бүртгэлд МҮБХ-ны тэргүүн Б. Бат-Эрдэнэ гэсэн мэдээлэл байхгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.
Хоёр. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018.03.27-ны өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах шүүгчийн захирамжийг танилцуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулсан Р. Нямдорж, Д. Данзан нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгах, Нямдоржийн Ганбаатар, менежер С. Гантөр нарт нийгмийн эмх замбараагүй байдал үүсгэн, хэв журмыг зөрчсөн үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн дагуу шалган шийдвэрлэж өгөхийг хүссэн мэдэгдэл илгээж хэрэг үүсгэн шалгагдаж байна
Гурав. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас 2018.04.03-ны өдөр Улсын байцаагчийн дүгнэлт гаргаж МҮБХ-ны Улсын бүртгэлийг гэрчилгээ, тэмдгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ. Тиймээс гурван шатны шүүхийн шийдвэрээр хуралдсан МҮБХ-ны ээлжит бус Их Эеэс сонгогдсон Л. Чинбатыг МҮБХ-ны тэргүүн мөн болохыг гэрчилж Улсын бүртгэлийн гэрчилгээнд нэмэлт өөрчлөлт оруулж, Улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдгийг шинээр олголоо. Энэ нь Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт бүртгэгдсэн нэг л МҮБХ байгаа бөгөөд түүний тэргүүн нь Лхагва овогтой Чинбат мөн болохыг баталгаажуулсан хэрэг юм.
Дөрөв. Монгол Улсын гурван шатны шүүх 2003 он, 2011 онд МҮБХ-ны тэргүүн Р. Нямдорж биш болохыг удаа дараа нотолсон бөгөөд 2017.05.28-ны өдөр гурван шатны шүүхийн шийдвэрийн дагуу МҮБХ-ны ээлжит бус Их Эе хуралдсанаар МҮБХ-ны тэргүүний асуудлаар маргааныг эцэслэн шийдвэрлэсэн билээ. Гэтэл уг асуудлыг маргаантай хэвээр байгаа мэт үйлдэл, эс үйлдэл удаа дараа хийж хууль бусаар МҮБХ-ны 8-р Их Эе, Цэцдийн зөвлөл гэгчийг хуралдуулж орон даяар нэвтрүүлж байгаа нь хууль бус болохыг үүгээр мэдэгдэж байна.
МҮБХ-ны маргаантай асуудлыг хууль хяналтын байгууллага нэгэнт нэг талд нь гарган шийдвэрлэчхээд байхад түүнийг хууль бусаар үргэлжлүүлэхийг санаархаж нийгмийн сэтгэл зүйг булингартуулахыг оролдож байгаа аливаа үйлдэлд оролцохгүй, автахгүй байхыг нийт бөхчүүд, бөх сонирхогчдод мэдээлж байна” гэжээ.
МҮБХ-ноос нийт ард иргэддээ хандан уриалга гаргасан байна. Уриалгыг МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн дарга Ү.Хүрэлбаатар уншиж танилцуулав.
УРИАЛГА
Монгол түмний бахархал болсон хүчит бөхчүүд ээ
Бөхийг дээдлэн хүндэлж шимтэн сонирхогч эрхэм үзэгчид ээ
Та бид өнөөдөр эв нэгдлийн уриа дуудлага дор эвлэлдэн нэгдэж эрх зүйт төрөө хүндэлж эцэг өвгөдөөс өвлөн ирсэн өв соёл, үндэсний бөхөө хайрлан хамгаалах, хөгжүүлэхийн төлөө атгасан гар шиг эвлэлдэн нэгдэх цаг боллоо. Монгол төрийг сулруулж, нэр хүндийг нь доройтуулж, төрийг хийгээд түмэн олныг өвөр хооронд нь хагаралдуулан талцуулах нь өөр хэнд ч бус харийнхны идэш болдог нь манжийн дарлалд хоёр зуун жил зовж зүдэрсэн гунигт түүхээс тодорхой харагдаж байна. Энэ түүхийг давтаж болохгүй.
Ардчиллын он жилүүдэд 16 жилийн турш Монголын үндэсний бөхийн холбоо эв эеэ олохгүй хагаралдаан талцааны талбар болж ирсэн нь үүний нэгэн жишээ болж байна. Бид чинь Монгол төрийнхөө их баяр наадмыг эрийн гурван наадам хийж ёслон тэмдэглэдэг соёлт ард түмэн. Хүчит бөхийн барилдаан гэдэг дан гагц бөхчүүдийн асуудал бус түмэн олны хүндэтгэл, төрийн оршихуйн ёслол дээдлэлийн бэлгэдэл юм.
Тиймээс МҮБХ-ны хагаралдааныг нэгэн төрийн бус байгууллагын дотоод хэрүүл тэмцлийн хүрээнд ойлгож болохгүй. Учир нь үндэсний бөх бол төрийн бэлгэдэл, түмэн олны бахархал юм. Энэ үүднээс бөхчүүд, бөх сонирхогчид, төр засаг, түмэн олон нэгдэж Монголын үндэсний бөхийн холбоог 16 жилийн турш туйлдуулсан, оюун сэтгэлгээний гамшиг болсон энэхүү хагаралдаан талцлыг дуусгавар болгох цаг боллоо.
Хэдий болтол бид халх дөрвөдөөрөө, хамаатан саднаараа, аймаг хошуугаараа, ахмад залуугаараа хэн нэгний хатгаасаар сөргөлдөж мөргөлдөж амны зугаа, амьтны элэг доог болох юм бэ? Хэдий болтол бид зохион байгуулалт бүхий хэсэг хүмүүсийн ноёрхлын сүлжээнд торлогдож хэсэг бүлгээрээ, хэд гурваараа тэдний хэрүүлийн бай болон талцаж монгол бөхийн ариун дэвжээг сэвтээж өв соёл, үнэт зүйлсээ уландаа гишгэж энэ цагийн монгол бөхийн жудаг ёсыг огоорч, журам цаазыг зөрчиж сөрөх юм бэ? Хэдий болтол МҮБХ маань хувь хүмүүсийн ашиг сонирхлын хүрээнд тийчилж явган хэрүүл, явуургүй бодлогын золиос болох юм бэ? Энэ бусармаг явдлыг таслан зогсоох цаг үе ирж байна.
Тиймээс нийт бөхчүүд, үзэгч түмэндээ Монголын Үндэсний бөхийн холбооны шинэ удирдлага хоёр зүйлийг онцолж уриалж байна.
Нэг. Олон жилийн турш залхталаа үргэлжилсэн МҮБХ-ны хэрүүл тэмцлээс салах цаг боллоо. Салахдаа хэн нэгэн хүний тааллаар бус, хэсэг бүлэг хүмүүсийн тархи угаалтаар бус гагцхүү Монгол Улсын хууль ёсыг дээдлэн хүндэтгэж, маргаантай асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн шат шатны шүүхийн шийдвэрийг сахин биелүүлж, мөрдөн хэрэгжүүлэх нь ёс зүйт, эрх зүйт төрт ёсны гүн хүндэтгэл хэмээн уриалж байна.
Хоёр. Монголын үндэсний бөхийн холбоо гэх төрийн бус байгууллага нэг л байгаа гэдгийн онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Тэр нь Монгол Улсын гурван шатны шүүхийн тогтоол шийдвэрээр хуралдсан Монголын үндэсний бөхийн Ээлжит бус Их Эеэс сонгогдсон МҮБХ-ны шинэ удирдлага юм. Эдүгээ Монгол Улсын Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын мэдээллийн санд МҮБХ-ны тэргүүн Л. Чинбат гэсэн нэг л мэдээлэл байгаа. Тиймээс МҮБХ-ны шинэ тэрүүнийг дэмжиж, хамтран ажиллахыг нийт бөхчүүд, бөх сонирхогчид болон төр түмэн, хэвлэл мэдээллийнхэндээ уриалж байна.