УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр /2013-09-27/ үдээс өмнө хуралдаж хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хуралдааны эхэнд Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн /Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн/ эцсийн хэлэлцүүлгийг хийж, хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.
Мөн хуралдаанаар НҮБ-ын “Хүүхдийн эрхийн конвенцийн Мэдээлэл хүргүүлэх журмын тухай нэмэлт протокол”-д гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгохыг дэмжих асуудлаар санал хураалт явуулж уг саналыг хуралдаанд оролцсон гишүүд дэмжив.
Монгол Улс 1990 онд НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцийг соёрхон баталж, улмаар “Хүүхдийг худалдах, хүүхдийн биеийг үнэлэх, хүүхдийг садар самуунд сурталчлахын эсрэг” Нэмэлт Протоколд 2003 онд, “Хүүхдийг зэвсэгт мөргөлдөөнд оролцуулахын эсрэг” Нэмэлт Протоколд 2004 онд тус тус нэгдэн оржээ.
Хүний эрхийн чиглэлээрх олон улсын бүх гэрээ, конвенциуд нь тухайн гэрээ конвенцийн зүйл заалтыг зөрчсөн улс орнуудаас гомдол хүлээн авч, хянан хэлэлцэх журамтай байдаг байна. Харин Хүүхдийн эрхийн конвенци нь ийм механизмгүй гэрээ байсан тул НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2011 оны 12-р сарын 19-ний өдрийн хуралдаанаар “Мэдээлэл хүргүүлэх журмын тухай Нэмэлт протоколыг баталж, 2012 оны 2-р сарын 28-ны өдөр Женев дахь НҮБ-ын Хүний эрхийн хороо гишүүн орнуудаас гарын үсэг зурах, соёрхон батлах ажиллагааг албан ёсоор эхлүүлжээ.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ээлжит чуулган 2013 оны 9-р сарын 24-26, 9-р сарын 30-наас 10-р сарын 1-ний өдрүүдэд болох бөгөөд уг арга хэмжээгээр Монгол Улсыг “Хүүхдийн эрхийн конвенцийн Мэдээлэл хүргүүлэх журмын тухай 3 дугаар нэмэлт протокол”-д гарын үсэг зурахыг уриалсан захидлыг уг нэмэлт протоколыг соёрхон батлахын төлөөх Олон улсын эвслээс ирүүлсэн байна.
Тус протоколд одоогоор 8 улс нэгдэн орж, 42 улс гарын үсэг зураад байгаа бөгөөд 10 улс тус протоколд нэгдэн орсноор хүчин төгөлдөр болох ажээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.