Моринд гарамгай, шүлгээр “амьсгалсан” Тэйлор
Тэйлор Элисон Свифт 1989 оны арванхоёрдугаар сарын 13-нд АНУ-ын Пеннсильвания мужийн төв Рийдинг хотод төрсөн. Түүний аав Скотт Кингсли Свифт санхүүгийн зөвлөх, ээж Андрэа Гарднер Свифт нь гэрийн эзэгтэй.
Түүний ээж Андрэа охиноо багаас нь морь унуулж сургасан бөгөөд Тэйлор хэд хэдэн морины уралдаанд оролцож байжээ.
Тэйлор багаасаа шүлэг яруу найрагт дуртай байсан ба өөрийнх нь насны хүүхдүүд нэг бүтэн өгүүлбэр ч зохиож чаддаггүй байхад тэрээр хуудас хуудсаар нь шүлэг зохиодог байж. 4-р ангидаа тэрээр Үндэсний яруу найргийн тэмцээнд “ Monster in My Closet” буюу Шүүгээн дэх мангас нэртэй шүлгээрээ түрүүлжээ.
Түүний эмээ Маржори Финлей мэргэжлийн дуурийн дуучин байсан бөгөөд түүний дуулахыг сонссон Тэйлор анх дуу хөгжимд татагдсан гэдэг. Тэрээр кантри хөгжимд дурлан Патси Клайн болон Долли Партоны дуунуудыг сонсох болжээ.
Урт шаргал үс, хөөрхөн царай, шүлэг зохиох авьяас, кантри хөгжимд дуртай зэрэг нь түүний ангийнханд нь таалагддаггүй байсан учраас тэрээр бараг л найз гэх хүнгүй байсан. Хүүхдүүдтэй эв дүйгээ олж найзтай болохын тулд тэрээр хөл бөмбөг хичээллэж эхэлсэн ч спорт түүнд тохирох зүйл биш болохыг ойлгожээ. Тэйлор хичээлээ тараад гэртээ сургууль дээр түүнд тулгарсан асуудлуудаа өөрийн шүлгүүддээ бичин түүндээ ая зохиож дуу болгодог байжээ.
Есөн настайдаа Тэйлор дуулах болон жүжиглэх ур чадварын хичээлд суудаг байсан ба тэрээр дуулах ур чадвараа сайжруулахын тулд янз бүрийн уралдаан тэмцээн, баяр наадам, яармаг үзэсгэлэн, караоке болон кофе шопт хүртэл дуулдаг байж.
11 настайдаа Тэйлор ээжтэйгээ нэртэй дуу бичлэгийн студид дуугаа сонсгож гэрээ хийх найдлага өвөртлөн Нэшвиллд ирэн хөгжмийн продюсер болгоны хаалгыг тогшин“ Намайг Тэйлор гэдэг. Та миний дууны бичлэгийг сонсоод үзээрэй. Таалагдвал над руу залгаарай.” Гэсэн ч хэн нь ч түүнд боломж олгоогүй юм.Тэрээр нутагтаа эргэн ирэн гитар тоглож сурчээ.
13 настайдаа Тэйлор U.S Open талбайн теннисний тэмцээнийг нээж Америкийн төрийн дууллыг дуулахыг сонссон Дэн Димтров түүний дуу бичлэгийн студи RCA records Тэйлортой дуу зохиогчоор ажиллах гэрээг байгуулсан юм.
2004 онд Тэйлор Свифт гэр бүлийнхээ хамт Теннесси мужийн Хендерсонвилл хотод нүүж иржээ. RCA records-д байхдаа Тэйлор танилын хүрээгээ тэлж нэртэй дуу зохиогчидтой хамтарч ажиллаж байсан нь түүнд маш их туршлага болсон байна.
Гэсэн ч RCA records түүнийг 18 нас хүртэл нь өөрийнх нь зохиосон дуунуудыг дуулуулахгүй гэснээс болж Тэйлор дуу бичлэгийн студитэй 2 жил ажилласны эцэст гэрээгээ цуцалсан юм. Бусдын нүдэнд энэ нь тэнэг алхам мэт харагдсан ч Тэйлор өөрийнхөө зохиосон дуунуудыг дуулах чин хүсэлтэй байжээ.
2005 онд Скотт Борчетта өөрийн шинээр нээсэн Big Machine Records дуу бичлэгийн студидээ Тэйлор Свифтийг урьж, Тэйлор тус студитэй гэрээ байгуулсан анхны уран бүтээлчдийн нэг болсон юм. Скотт Борчеттагийн хэлснээр Тэйлор маш хөдөлмөрч, ухаалаг хамгийн гол нь түүний хоолой сонсогчдыг гайхшруулах чадалтай аж.
2006 онд Тэйлор Свифтийн “Tim McGraw” сингл цацагдсан нь Billboard Hot 100 дуунд бичигдэж, Billboard Country singles chart буюу кантри дуунуудын жагсаалтанд 8 сарын турш бичигдсэн байна. Удалгүй тэрээр анхны альбомоо гаргасан нь эхний долоо хоногтоо л 39 мянган хувь зарагджээ. Хайрын тухай түүний дуунуудыг дэлхийн өнцөг буланд сонсож эхэлсэн бөгөөд тэрээр альбомоо сурталчлан Америкаар аялан тоглож шүтэн бишрэгч нартайгаа уулзах болжээ. 2007 онд тэрээр тус оны шилдэг дуу зохиогчоор нэрлэгдсэн хамгийн залуу уран бүтээлч болсон юм.
2008 онд гаргасан түүний хоёр дахь “Fearless” альбом түүний супер од хэмээх алдрыг улам бататгажээ. Тус альбом нь гарсан даруйдаа 600 мянган хувь зарагдаж, “Fearless”-т багтсан 8 дуу Billboard Single chart-г тэргүүлжээ. Love story дуу нь интернетээс хамгийн их татагдсан кантри дуу болсон бол “Fearless” альбом кантри хөгжмийн түүхэн дэх хамгийн олон шагналыг хүртжээ.
2010 онд гаргасан гурав дахь альбом “Speak Now” нь кантри-поп, альтернатив рок тал руу чиглэсэн байсан ба түүний шилдэг альбом болсон ч гэж ярьдаг. Худалдаанд гарсан даруйдаа 1 сая хувь борлогдсон “Speak Now” альбом Тэйлорт мөн л маш олон шагналыг авчирч, түүний алдар нэр өсөхийн хэрээр шүтэн бишрэгчдийнх нь тоо өссөөр л байсан юм.
Тэйлорын дөрөв дэх альбом “Red” 2012 онд худалдаанд гарсан нь эхний долоо хоногтоо л гэхэд 1.28 сая борлогдсон бөгөөд Их Британи, Канад, Австрали зэрэг улсуудад тэргүүлжээ.
2014 онд түүний төрсөн оноор нэрлэгдсэн “1989” альбом гарсан бөгөөд Тэйлор Свифтийн үгээр бол энэ нь түүний анхны албан ёсны поп урсгалын альбом юм. Худалдаанд гарсан эхний долоо хоногтоо л 5 сая гаруй хувь борлогджээ.
2008 онд The Jonas Brothers хамтлагийн гишүүн Жо Жонастай үерхдэг талаар хэвлэлүүд бичиж байсан ч Тэйлор ч тэр, Жо Жонас ч тэр аль аль нь энэ талаар дорвитой хариулт өгөөгүй юм.
2009 онд тэрээр жүжигчин Тэйлор Лотнертэй үерхсэн ч удалгүй хоёр тийш болжээ. 2010 онд Тэйлор дуучин Жон Майертай үерхсэн ч удалгүй салсан юм. Тэйлор өсч томрохын хэрээр түүний стиль илүү эмэгтэйлэг болж 178 см өндөртэй тэрээр өөрийн урт хөлийг онцолж ихэнхдээ богино банзал, богино шорт, скинни өмд, өндөр өсгийт өмсдөг. Тэйлор саяхныг хүртэл пүүз бараг өмсдөггүй байсан ба өндөр өсгийтэй гутал өмсөөгүй үедээ тэрээр богино түрийтэй хавтгай ултай гутал (оксфорд) л өмсдөг. Тэрээр толгой үсний гоёлыг төрөл бүрээр зүүж, жижиг бүрх малгай эсвэл ноосон малгайгаар гоёх дуртай.
Түүний дуучин найзууд: Селена Гомез, Лорде, Элли Голдинг, Хейли Стейнфилд, Эд Ширан, Сираяа, Fifth Harmony хамтлагийн Камила Кабелло, HAIM хамтлагийнхан, Ариана Гранде. Загвар өмсөгч найзууд болох Лили Олдридж, Карли Клосс, Кара Делевинь, Жижи Хадид, Марта Хант, Кейт Аптон. Жүжигчин найзууд Блейк Лайвли, Лена Данем, Жейми Кинг, Сара Хайленд, Эмма Стоун, Диана Агрон, Жессика Шор нар юм.