Өмнөговь аймгийн ИТХ-аас өнгөрсөн долдугаар сарын хоёрны өдөр тогтоол гаргаж, 2016 оноос тус аймагт уул уурхайн үйлдвэрлэлд гүний ус ашиглахыг хориглосон юм. Энэхүү тогтоол нь “Эрдэнэс Тавантолгой”, “Оюутолгой” зэрэг томоохон компаниудын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүйгээс гадна УИХ, Засгийн газрын шийдвэрийг давсан тогтоол хэмээн компаниуд үзэж байна. Тогтоолын талаарх зарим зүйлийг Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Л.Батчулуунаас тодрууллаа.
Өнгөрсөн долдугаар сард аймгийн ИТХ-аас гүний ус ашиглахыг хориглох тухай тогтоол гаргасан. Энэ талаар тодруулахгүй юу?
Энэ шийдвэрийг гэнэтхэн гаргасан юм биш. Улсын хэмжээнд 2003, 2007, 2009, 2011 онд ус цэгийн толлого явуулсан байдаг. Тооллогоор жилээс жилд усны ундарга эрс буурсан дүн гарсан. Энэ бууралтыг дэлхийн цаг агаарын дулаарал, байгаль орчны сөрөг талын нөлөөлөлтэй холбоотой гэж үзэж байгаа ч нөхцөл байдал нь өөрөө улам хурдан болгоод байгаа юм. Ялангуяа Өмнөговьд уул уурхайн үйл ажиллагаа их байгаа нь бүр ихээр нөлөөлж байна. Ус өөрөө амьдралын хамгийн чухал хэрэглээ.
Усны тооллогын бодитой судалгаан дээр үндэслэж, цаашид үүсч болзошгүй сөрөг нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор ийм шийдвэр гаргасан хэрэг. Уул уурхайн компаниудаас цаашдаа үйлдвэрлэлийн горим, технологио өөрчлөхийг шаардаж байгаа шаардлага гэж ойлгох хэрэгтэй. Бусдаар үйл ажиллагааг нь хорьж байгаа хэрэг биш. 2016 оны нэгдүгээр сарын нэгнээс гүний ус ашиглуулахыг хориглосон. Энэ хугацаанд технологио өөрчилвөл цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжтой. Ийм л сануулга өгсөн хэрэг.
Төрөөс боловсруулах үйлдвэр барьж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг дэмжинэ гэдэг. Боловсруулах үйлдвэрийг усгүйгээр төсөөлөх аргагүй. Ийм тохиолдолд энэ шийдвэрийг яаж хэрэгжүүлэх вэ?
Технологийн өөрчлөлт гэдэг цаг хугацаагаар хэмжигдэхээ больчихсон байна. Манай Ухаахудагийн уурхайн баяжуулах үйлдвэр, цахилгаан станц тухайн үедээ ус бага хэрэглэдэгт тооцогддог байсан. Өнөөдөр түүнээс илүү ус бага хэрэглэдэг, ус хэрэглэдэггүй технологиуд гарч ирсэн ч байж болно шүү дээ. Бид хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглахыг л компаниудаас шаардаж байгаа.
Нөгөө талаасаа заавал газрын гүний ус ашиглах албагүй шүү дээ. Хангайн бүс, хойд бүс нутгаар гадагшаа урсаж байгаа ус асар их байна. Энэ усыг яагаад татаж ашиглаж болдоггүй юм? Дэлхийн бусад улсад ингэж ус ашигладаг юм билээ. Эсвэл саарал усыг цуглуулаад ашиглаж болно шүү дээ. Заавал газрын гүний усыг ашиглаж, урт хугацаанд байгалийн доройтолд орж, бидний үеийн үед нөлөөлөх, амьдралын баталгааг нь улам бүр бууруулах горим руу яагаад шилжих ёстой гэж? “Хэрлэн-Говь”, “Орхон-Говь” гээд төслүүд яригдаад л байна. Энэ төслүүдийг яагаад хэрэгжүүлж болдоггүй юм бэ.
Ер нь яагаад Монголын өмнөд хэсэг, говийн бүсэд хүнд үйлдвэрлэл бий болгох гээд байгаа юм гээд олон зүйл ярьж болно. Хангайн бүс нутагт уул ус, ургамал амьтан нь тэгш зохицсон байдаг байх. Говийн бүс ус багатай ч гэсэн тодорхой хэмжээний таатай сайхан амьдрах орчин бий шүү дээ. Уул уурхай Монгол орны эдийн засаг, хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа салбар мөн. Гэхдээ уугуул иргэдийн ахуй амьдрал юунаас ч илүү чухал.
ИТХ-ын тогтоолыг УИХ, Засгийн газрын хууль, шийдвэрийг давсан тогтоол гэж тайлбарлах хүмүүс байдаг. ИТХ-ын тогтоол эрхзүйн хувьд хэр чадамжтай тогтоол вэ?
Тогтоол тодорхой хэд хэдэн заалттай. Хүн ам, түүний ая тухтай амьдрах нөхцөлийг бий болгох, сөрөг үр дагаврыг саармагжуулах зорилготой тодорхой заалтууд бий. Үүнийг үндэслэсэн байхад тогтоол маань өөрөө бүрэн чадамжтай гэсэн үг. Яахав, бусад хууль эрхзүйг давсан, тусдаа вант улсын эрх мэдэлтэй болж байна гэх мэтээр ярьдаг ч тэгж тусгаж авч болохгүй. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын гаргах ёстой шийдвэр. Ард иргэдээс ирсэн санал шат шатны байгууллагаар дамжаад эцэст нь аймгийн ИТХ-ын тогтоол болж гарч байгаа юм.
эх сурвалж: ньюс.мн С.Болд