Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа сүүлийн 10 гаруй жил завсарласан гаднын түнш байгууллагуудтай хийх зөвлөлдөх уулзалтыг өнгөрсөн хоёрдугаар сарын 27-нд зохион байгуулсан. Тэрбээр энэ үеэрээ Монголын дээд боловсролын салбар ичмээр төвшинд байгааг онцолсон. Тодруулбал, тэрбээр “Монголын дээд боловсролын байдлыг гаднын улс орнуудад хэлэхээс санаа зовмоор төвшинд байгаа. Тиймээс бид чанар, магадлал итгэмжлэлийн тал дээр бодлогын шинэчлэл зайлшгүй хийх шаардлагатай байгаа. Дээд боловсролын чанарыг өөр төвшинд гаргахгүй, цаашид энэ хэмжээний ажиллаад байх юм бол үнэхээр харамсалтай байгааг нуухгүйгээр та бүхэндээ ил тод хэлж байна” хэмээн онцолсон юм. Тэгвэл тэр хэлсэндээ хүрч, дээд боловсролын чанарыг сайжруулах анхны ажлаа хийж эхэллээ. Тэрбээр энэ сарын 6-ны өдөр А/195 тоот тушаал гаргаж, их, дээд сургуульд оюутан элсүүлэх ерөнхий шалгалтын үндэсний хэмжээний босго оноог шинэчлэн тогтоолоо.
Тодотговол, 2018-2019 оны хичээлийн жилд бакалаврын хөтөлбөрт их, дээд сургуульд оюутан элсүүлэх ерөнхий шалгалтын үндэсний хэмжээний босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүй 480, коллеж орон нутгийн их, дээд сургуульд 400 оноогоор тус тус тогтоов. Түүний энэ шийдвэрийг хоёр гараа өргөн дэмжье. Ямартай ч тэр чанаргүй түм буман сургуулийн чадваргүй мянга мянган төгсөгчдийн тоог багаар ч гэсэн цөөлөх чухал шийдвэр гаргалаа. Ерөнхийдөө энэ бол нийгийн захиалга байсан гэдгийг энд тодотгох нь зүйтэй болов уу. Босго оноог 480 болгож нэмснээр өмнө нь их, дээд сургуульд элсч байсан нийт хүүхдүүдийн 18 хувь нь хасагдаж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд элсэх хүүхдүүдийн тоо нэмэгдэнэ хэмээн БСШУСЯ-наас тооцоолсон байна. Залуучуудын ажилгүйдлийн төвшин улсын дунджаас хоёр дахин өндөр байгаа энэ үед үнэхээр л түүний шийдвэр нүдээ оллоо гэхээс яах вэ.
Босго оноо 480 болохоос өмнө их, дээд сургуульд оюутан элсүүлэх үндэсний хэмжээний босго оноо 400 байсан. Нэг ёсондоо тухайн хичээлийн даалгаврын 50 хувийг нь гүйцэтгэж, дүнгээр бол “F” авч чадвал, аль ч их дээд сургуульд элсэх “тасалбар”-аа захиалдаг байлаа. Энэ бол үнэхээр харамсалтай тоо. Их дээд сургуулийн төгсөгчдийг улам чанаржуулъя гэвэл 480 байтугай, түүнээс дээш оноогоор босго оноог тогтоох нь зүйтэй санагдана.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу