С. Эрдэнэбат: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 400 мянган төгрөг болгох шаардлагатай

 

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос төрийн албан хаагчдын цалин, хөлсийг нэмэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоохыг Засгийн газраас шаардаж 5 дугаар сарын 1-нд улс орон даяар эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах гэж байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат” Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооноос ирэх сарын 01-нд орон даяар жагсаал зохион байгуулах болсноо албан ёсоор мэдэгдэж байна.

Хөдөлмөрийн зөвшлийн үндэсний гурван талт хэлэлцээрийн биелэлт, цалин хөлс нэмэгдүүлэх асуудал, хэлэлцээрт дурдагдсан бусад асуудлаар шаардлага тавьж жагсана.

Засгийн газар төрийн албан хаагч болон бусад салбарын ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх чиглэлээрх асуудалд хойрго хандаж байна. Тэтгэврийг таван жил тутамд дундаж цалингаар тогтоодог байсныг долоон жил болгосон. Энэ нь тэтгэврийн хэмжээг шууд багасгах сөрөг үр нөлөөтэй.

Хөдөлмөр нийгмийн зөвшлийн үндэсний хорооны хурлыг хийх саналыг удаа дараа хүргүүлсэн. Улсын хэлэлцээрээр цалин хөлсний асуудлын шийдлийг хэлэлцэхийг санал болгосон ч харамсалтай нь ажил эхлээгүй байна.

Түүнчлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох хугацаа бол болчихсон. Хуулиараа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жил тутамд тогтоох ёстой.

МҮЭХ-ноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ойролцоогоор 40-өөс доошгүй хувиар нэмэгдүүлэх буюу 400 мянган төгрөг болгох шаардлагатай гэж үзэж байна. Сүүлийн жилүүдэд манай улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 100 доллараас хэтрэхгүй байна.

Тийм учраас бид цалин хөлс болон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхийг шаардаж, ирэх сарын 01-нд жагсана” гэлээ.

Боловсрол, Шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ж.Батзориг “Засгийн газраас ОУВС-тай цалин хөлс нэмэх чиглэлд тохиролцоонд хүрсэн тухай мэдээлсэн. Нэгэнт тохиролцоонд хүрчихсэн юм чинь энэ ажлаа яаралтай эхлүүлэх хэрэгтэй. Зарим сургуулийн багш нар ирэх сарын 01-нээс ажил хаялт зохион байгуулна гэсэн мэдээллийг бидэнд ирүүлсэн. Хэрэв Засгийн газар цалин хөлсийг яаралтай нэмэхгүй бол манай үйлдвэрчний эвлэлийн холбоо багш нарын ажил хаялтыг дэмжиж ажиллана” гэж мэдэгдлээ.

Г.Нараа

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …