Зөрчлийн тухай хууль хэвлэн нийтлэх эрх чөлөөг зөрчиж байна

Монгол Улс “хэвлэлийн эрх чөлөө-2018” индекст 180 орноос 71 дүгээр байрт жагссан байна. Энэ нь өнгөрсөн оныхоос хоёр байраар ухарсан үзүүлэлт юм. Сэтгүүлчдийг яллах, ажиллах нөхцөл боломжийг нь хаан боогдуулсан “Зөрчлийн тухай хууль” хэрэгжиж эхэлснээр хэвлэлийн хагас эрх чөлөөтэй байсан Монгол улс үндсэндээ “эрх чөлөөгүй” боллоо ойлгогдохоор байдал үүсчихлээ. Уг нь өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Гэвч Монголд хэвлэлийн эрх чөлөө хумигдсаар байгаа учраас сэтгүүлчид “Биднийг яллахаас өөр эрх зүйн орчин алга” сэдвийн хүрээнд өнөөдөр мэдээлэл хийсэн юм.

Дээр дурдсан “Зөрчлийн тухай хууль” хэрэгжиж эхэлснээс хойш 49 удаагийн тохиолдлоор 98 сая төгрөгийн торгуулийг сэтгүүлчдэд оногдуулсан байна. Сэтгүүлчид яагаад яллагдагчаар татагдаж, торгуулаад байгаа тухай сэтгүүлч Б.Болдбаатар “Хардах эрх, шүүмжлэх эрх, баримт материалыг нийтэд дэлгэх эрх гэсэн гурван эрх сэтгүүлчдэд байхгүй болсон. Ингээд бичсэн материал нь шууд хууль зөрчсөн болж, яллагдагчаар татагдаж байна. Хууль тогтоогдогчдод хандаж хэлэхэд зөрчлийн тухай хуулиа эргэн нэг хараач гэж хэлмээр байна. Зөрчлийн тухай хууль бол зөвхөн сэтгүүлч төдийгүй нийт иргэдэд ч гэсэн халтай хууль гэж харагдаж байгаа.

Ямар нэгэн баримт материалыг тухайн сэтгүүлч эрэн сурвалжилж олж аваад олон нийтэд мэдээлсэн тохиолдолд “хувийн нууцад халдлаа” хэмээн буруутгагдаж байна. Сэтгүүлчдийг шалгаж буй цагдаа нь ярилцлага, нийтлэл, эрэн сурвалжлах материал гэж юу байдгийг мэдэхгүй, ялгахгүй мөртлөө “та гомдол гаргагчийн хувийн эрхэнд халдаж, мэдээлэхийг хүсэхгүй байгаа материалыг нь олон нийтэд дэлгэсэн гэм буруутай” гэж шууд тулгаж, торгуулийн арга хэмжээ авдаг. Үүнээс болж сэтгүүлчийн эрэн сурвалжлах, асуудлыг хөндөх, хэвлэн нийтлэх эрх хязгаарлагдаж байна” гэж тайлбарлав.

Харин сэтгүүлч Б.Батбилэг “Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр Монгол Улсын 3.3 сая иргэн үнэн зөв мэдээлэл авах эрхгүй боллоо. Энэ хуулиар иргэдийн баримттай мэдээлэл авах эрхэд шууд халдаж байна. Энэ зөвхөн сэтгүүлч Билэгээ, өөр хэн нэгний асуудал биш. УИХ-ын гишүүний, эсвэл хэн нэгэн эрх мэдэлтний ёс зүйгүй асуудлыг дэлгэн тавьсан сэтгүүлч хожихгүй. Харин дахин ийм ёс зүйгүй үйлдэл гарахаас сэргийлж чадна. Гэтэл сэтгүүлчдийн мэдээлэл авах, мэдээлэл нийтлэх эрхэнд халдснаар тэдний ёс зүйгүй үйлдэл л гаарах болж таараад байна. Энэ бүхэн яван явсаар авлига, хэвлэлийн эрх чөлөө хоёр хоорондоо салшгүй холбоотой гэдгийг харуулж байна. Хэвлэлийн эрх чөлөө хумигдах тусам, авлига хээл хахууль нэмэгдэж байгааг бид олон статистик үзүүлэлтээс харж болно” гэв.

Сэтгүүлч Д.Майцэцэг “Эрүүгийн шинэ” хуульд заасан Хувь хүний нууцтай холбоотой асуудлаар яллагдагчаар татагдаад байгаа. Тэрээр УИХ-ын гишүүн М гэгч эмэгтэй хүн рүү цахим хуудсаар ёс бус зураг явуулж, дарамталсан асуудлыг олон нийтэд мэдээлснээс болоод яллагдагчаар татагдаад байгаа юм. УИХ-ын гишүүний дарамтанд орсон бүсгүй өөрөө хэвлэл мэдээллийнхэн нотлох баримтуудыг илгээсэн байдаг. Гэвч хуулийн байгууллага “гомдол гаргагчийн талд ажиллаад байна” гэж хардах үндэслэлийг бий болгож байна.

Энэ талаар сэтгүүлч Д.Майцэцэг “Миний бие УИХ-ын гишүүний ёс зүйгүй асуудлыг хохирогчоос ирсэн нотлох баримтын дагуу олон нийтэд мэдээллэсэн. Гэвч энэ нь яллагдагчаар татагдах үндэслэл болчихоод явж байна. Нотлох баримттай, хохирогчтой хэрэг шүү дээ. Монголд эрэн сурвалжлах сэтгүүлзүй үндсээрээ устлаа. Өнөөдөр хууль хяналтынхан сэтгүүлчийг яллах тал руу орчихсон ажиллаж байна. Сэтгүүлчийг мэдээлэл түгээхээ боль гэж хүртэл яриад явж байгаа. Тийм учраас л өнөөдөр ийнхүү мэдээлэл хийхээс аргагүй хүрлээ” гэв.

2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн “Зөрчлийн тухай хууль”, энэ хуулийн 6.21 дүгээр зүйл сэтгүүлчийн ажил үүргээ гүйцэтгэх зам маш том саад болж байна. Тиймээс энэ хуулиа эргэн харж, яаралтай засварлаж, өөрчлөлт хийхийг Хууль зүй, Дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүдээс шаардаж байна. Хэрвээ дорвитой арга хэмжээ авахгүй бол Монголын сэтгүүлчид нэгдэж, ажиллах нөхцөл боломжийг хааж, дуу хоолойг нь боомилж байгаа энэ хуулийг засч, залруулах хүртэл эсэргүүцэж, шат шатны арга хэмжээ авах болно гэдгээ мэдэгдлээ.


Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …