Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөр нь мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, нийгмийн идэвх, авьяас, ур чадварыг хөгжүүлэх, урамшуулан дэмжих зорилгоор дотоодын их, дээд сургуулиудад амжилттай суралцаж буй бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутнуудыг дэмжих зорилготой тэтгэлэг юм. Бүтэн жилийн турш хэрэгжих уг хөтөлбөрийн онцлог нь тэтгэлгээс гадна хувь хүний хөгжлийн сургалтад хамрагдаж, сурсан мэдлэгээ бусадтай хуваалцах, дадлага хийх, хүүхэдтэй ажиллах боломжтой.
Уг тэтгэлэгт хөтөлбөрт
- Нийгмийн ажилтны чиглэлээр магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуульд 3.2 ба түүнээс дээш голчтой бакалаврын өдрийн ангийн оюутан байх,
- Төрийн сангийн зээл болон бусад ямар нэгэн тэтгэлэгт хамрагдаагvй байх,
- Аливаа хэрэг зөрчилд холбогдож байгаагүй байх,
- Оюутан залуучуудын дунд зохиогддог нийгмийн аливаа үйл ажиллагаанд манлайлан оролцдог байх,
- Хүүхдийн зусланд ажиллах, өөрийгөө нээн хөгжүүлэх, сурч мэдэх хүсэл эрмэлзэлтэй байх шаардлага хангасан тохиолдолд хамрагдана.
Хөтөлбөрийн хүрээнд хувь хүний хөгжлийн сургалтуудад хамрагдаж, ур чадвараа дээшлүүлэх, хүүхдийн зусланд багшаар ажиллаж багаар ажиллах чадвар, сурсан мэдсэнээ хэрэгжүүлэх ажлын туршлагатай болох, “Улаанбаатар хотын хэмжээнд хүүхдийн зуслангийн хөгжлийн хөтөлбөрийн үр дүнг тодорхойлох” судалгаанд хамтран ажиллах юм.
Шалгаруулалт:
- Нэг жилд нийт 15 хүртэлх оюутанд тэтгэлэг олгох бөгөөд нэг оюутанд олгох тэтгэлгийн хэмжээ 2,000,000 төгрөг байна. (1,500,000 нь мөнгөн дүнгээр сар бүр олгогдох, 500,000 төгрөг нь сургалт хэлбэрээр олгогдоно)
- Эхний шатны шалгаруулалт: НХГБХГазрын байранд зохион байгуулах бөгөөд оюутны бүрдүүлсэн материал, тавигдах шаардлага, хүсэлт, эссэг харгалзан үзнэ.
- Хоёр дугаар шатны шалгаруулалт: Эхний шатанд тэнцсэн 30 оюутантай ярилцлага хийж 15 хүртэлх оюутанг шалгаруулна.
Бүртгэл 2018 оны тавдугаар сарын 8-15 хооронд нийслэлийн хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн газарт бүртгэнэ гэж нийслэлийн хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.