Монголын Эрүүл Мэндийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос Засгийн Газраас эмч, эмнэлгийн ажилчдын цалин нэмэгдүүлэхийг шаардсан ажил хаялтын өмнөх суултыг өнөөдөр Сүхбаатарын талбайд хийлээ.
Тус суултад Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Шинжлэх ухааны байгууллагуудын Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны дарга Т.Баясгалан, Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын ажиллагсдын эрхийг хамгаалах түр хорооны зохицуулагч Д.Бямбаа нар нэгдсэн юм.
Монголын Эрүүл Мэндийн Үйлдвэрчний Эвлэлийн холбооны дарга Б.Мягмар” Эрүүл мэндийн салбарт хөдөлмөрийн мөлжлөг тогтоод байна. 2014 оны есдүгээр сараас хойш бидний цалин сохор зоосоор ч нэмэгдсэнгүй. Эрүүл мэндийн салбарынхан ажилтай ядуус болж хувираад байна. Гэтэл Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Өвөрхангай аймагт ажиллах үеэрээ “Үйлдвэрчний эвлэлийн шаардлагаар цалин нэмэхгүй” гэж хэлсэн байна. Энэ бол Засгийн газрын 370 тоот тогтоолыг онц ноцтойгоор хэрэгжүүлэхээс татгалзаж байгаагаа харуулсан үйлдэл гэж үзэж байна. Тавдугаар сарын 1-нд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригоор ахлуулсан цалин нэмэгдүүлэх гурван талт хэлэлцээр эхэлсэн. Засгийн газар ямар ч гаргалгагүйгээр орж ирсэн. Хэлэлцээр хийгээд л байдаг ямар ч үр дүн гардаггүй. Бүтэн дөрвөн жил биднийг хуурч байна. Тиймээс тэмцлийн хурц хэлбэр рүү орно.
Үнэхээр эрүүл мэндийн салбарынхныг ажил хаялтад турхирч байгаа юм биш. Эмч, эмнэлгийн ажилтнуудын хийж байгаа шударга тэмцлийг үр дүнд хүргэхийн төлөө би энд сууж байна. Суултад оролцогчид өдөр ирэх тутам нэмэгдэнэ. Ажил хаялт хийх эрх үүстэл бид суултаа үргэлжлүүлнэ”гэж ярилаа.
Монголын Эрүүл Мэндийн Үйлдвэрчний Эвлэлийн холбооны ажил хаялтын өмнөх маргааш 09:00-11:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд үргэлжилнэ.
Г.Нараа