Зөвшөөрөл байхгүй бол мянган сайхан арга хэмжээ байгаад ч хэрэггүй

Спортын тайлбарлагчид хамтран Fifa fan festival нэртэй арга хэмжээг нэгэн телевизтэй хамтран зохион байгуулахаар болж. Үүний тулд байнга асуудал дагуулж байдаг “Богд хааны музей”-ын хэсэгхэн газар дээр газар шорооны ажил эхлүүлсэн нь иргэдийн бухимдалтай тулгарлаа.

Залуус шинийг сэдэж, Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаа энэ зуныг хөгжилдөн өнгөрүүлэх нь зүй ёсны хэрэг. Хэн ч үүнтэй маргаж, хэн ч үүнийг хориглоод хэрэггүй. Гэвч фестиваль зохион байгуулах газар мондсон биш. Очиж очиж маргаантай байгаа тэр хэсэгхэн газар дээр газар шорооны ажил эхлүүлэхээр хүн бүр л дургүйцэж, олигарх болсон аж ахуйн нэгжүүдийг буруутгаж, хардана биз дээ.

Тэгээд ч зөвшөөрөлгүй бол нэг хоног ч үйл ажиллагаа явуулах эрх байхгүй. Хэдэн жилийн өмнө автобустай залуу 3,4 дүгээр хорооллын худалдааны гудамжинд шорлог хийж зарах гээд төрийн эсэргүүцэлтэй тулгарч байлаа. Өөрийн чадлаар хэнээс гуйхгүйгээр хоолоо олж идэж байгаа залуусыг манай төр дэмжсэнгүй гээд бөөн юм болж байсан л даа. Гэхдээ л энэ нийгэмд чинь дэг журам гэж байх учиртай. Тэр дэг журмыг төрийн байгууллага хангаж, тусгай зөвшөөрлийг олон нийтийн эрүүл аюулгүй байдал нийцүүлэн олгох учиртай. Гудамжинд тэргэн дээр гал түлээд 1500-аар зардаг шорлогийн тухай бичээгүй шүү. Гэхдээ тэд ч бас тодорхой хэмжээний хураамж төлдөг гэдгийг мартаж болохгүй.

Эндээс аливаа зүйл зөвшөөрөлтэй, дэг журамтай байх учиртай гэдгийг л хэлэх гээд байгаа юм. Энэ зун залуусыг үзэх харах зүйлтэй байлгая гэж сэдсэн арга хэмжээ гэдгийг нь ойлгож байна. Гэхдээ пиво зардаг асар шиг зүйл улаанбаатарын хаа сайгүй л байгаа. Үүнтэй адил зүйл хийх гэж байсан бол төр төмөр нүүрээ харуулсан нь зөв л гэж хэлмээр байна.

Тэгээд ч залууст пиво уулгаж, хөл бөмбөг үзүүлэхийн тулд, үүнийг нь нэг телевиз олон нийтэд дамжуулахын тулд заавал ч үгүй Богд хааны музейн газраас хумслах шаардлага байсан уу. 25 дугаар суваг телевиз тагтан дээрээ хөөрхөн нэвтрүүлэг хийдэг л болсон байна. Үүн шиг өөрийн боломж бололцоог ашиглах яагаад болохгүй гэж. Төрийн хамгаалалттай газар руу дайрч муу нэр зүүснээс л дээр биз дээ. Тэгээд ч аль компани ямар пиво зарах гээд ийм үйл ажиллагаа явуулаад байгааг нь олон нийт мэднэ дээ.


Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …