Монгол хүн бүр жагсаж, тэмцэх цаг болсон

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарт ажиллагсад хэдэн өдрийн турш “ажил хаялтын өмнөх суулт” хийж, эсэргүүцлээ илэрхийлж байна. Үнэхээр эсэргүүцэх, тэмцэх цаг үе ирсэн. Монголын нэг хэсэг нь сарын 500 мянган төгрөгийн цалингаа амьдралдаа хүргэж ядан аж төрж байна. Гэтэл цөөн хэсэг нь сарын 10 мянган долларын цалин авч, офшор дансанд сая сая ам.доллар мартаж байгаа энэ цаг үеийг өөрчлөхийн тулд эсэргүүцэж, тэмцэх ёстой.

Дансандаа тэрбум төгрөгийн хадгаламжтай хүмүүс бидний сарын цалинг нэмэх, эс нэмэх асуудлыг шийдвэрлэж байгаа шударга бус нийгэмд амьдарч байна шүү дээ. Өнөөдөр үсээ хусуулж байгаа эмч, нулимс дуслуулан гачигдалтай амьдралаа ярьж буй багш бол бидний нийт Монголчуудын дүр зураг юм.

Төрийн албан хаагч, хувийн секторын ажилтан байгаад ялгаа алга. Гар дээр ирж буй хөдөлмөрийн хөлс хэтэрхий бага учраас иргэд туйлдаж, аргаа барж байна. Гэтэл дундаж цалин нэг сая төгрөг болчихлоо гээд статистикийн байгууллага нь хэнэг ч үгүй мэдээлэхийг нь харах үнэхээр харамсалтай байна.
Нийт Монголчууд сарын 500 мянган төгрөгийн цалинтай байсан ч нэг олигарх сардаа 10 мянган ам.долларын цалин авч байгаа учраас л дундаж цалин нэг сая төгрөг болж өсөөд байгаа юм. Түүнээс миний, таны гар дээр ирж буй цалин өсөөд байгаа юм биш.

Дэлхийн жишиг гэгчээс тасарсан, маш бага цалин авдаг атлаа түүнээсээ татвар төлж улсаа чирч байгаа бид яагаад цалингаа нэмэхийг шаардаж, тэмцэж болохгүй байна вэ.
Олон өдөр суулт хийн үйлдвэрчний эвлэлийнхэн, боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарынхныг хэн нэгний захиалгатай, төлбөртэй үйл ажиллагаа явуулж байна гэж буруутгаж, шүүмжлэгсэд олон харагдлаа.

Яагаад ганц өөрийн биш нийт Монголчуудын эрх ашгийн төлөө тэмцэл хийж байгаа цөөн хэдийгээ ингэж адлана вэ?

Бүгд тэгш хүртээмжтэй орлоготой болвол бидэнд л дээр биш үү. Хамгийн гол нь хөдөлмөрийн үнэлэмжийг тэгш хүртээмжтэй болгох гэж тэмцээд байна шүү дээ. Сүүлийн зургаан жил цалингийн шатлалд огтхон ч өөрчлөлт ороогүй хувийн секторын ажилтан үүнийг бичиж байна. Монголын залуус хуурамч бичиг баримт бүрдүүлээд ч болтугай Солонгос улсыг зорих гээд байгаа шалтгаан цалинтай л холбоотой.

Гэтэл төр бидэнд мөнгө байхгүй гэдэг шалтгаанаар иргэдийнхээ хөдөлмөрийг мөлжсөөр байна. Төрд үнэхээр мөнгө байхгүй гэж үү? Тийм бол өөрсдийн өндөр цалингаас татгалз л даа. Биднээс юугаараа илүү гэж их хурлын гишүүд сарын 1.6 сая төгрөгийн цалин авч байгаа вэ. Бидэнд ямар гавьяа байгуулсан гэж төрийн мэдлийн компанийн дарга, удирдлагууд сарын 10-30 мянган ам.долларын цалин авч байна вэ.

Нэг даргын цалинг 50 хувь бууруулахад, нэг гишүүний цалинг 30 хувь бууруулахад нийт Монголчуудын цалинг 50 хувиар нэмэх хөрөнгө босно гэдгийг энэ төрд сууж байгаа эрхэм түшээд бүгд мэдэж л байгаа. Гэвч тэдэнд хүсэл алга. Тиймээс тэднийг хүсдэг, иргэдийн төлөө ажилладаг, ядаж амлалтаа биелүүлдэг болгохын тулд боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарт ажилчдаар хязгаарлаад зогсохгүй нийт Монголчууд бүгдээрээ эсэргүүцэж, жагсаж, тэмцэх цаг болсон.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …