Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Дээд боловсролын бодлогын газар, Сингапурын “Тимасек” сан, Сингапурын политехникийн институт хамтран 2015 оноос хэрэгжүүлж эхэлсэн инженерийн боловсролын хөтөлбөрийн шинэчлэл, сургалтын арга зүйг сайжруулах CDIO төсөл гурав дахь жилдээ амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд энэ өдрүүдэд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалан нараар ахлуулсан Монгол Улсын тэргүүлэх их дээд сургуулийн удирдах түвшний багш, эрдэмтэд Сингапур улсад ажиллаж байна.
Сингапур улс нь богино хугацааны дотор үсрэнгүй хөгжиж, Азийн өндөр хөгжилтэй орнуудын нэг болсны гол нууц нь боловсролын салбартаа их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, хүнээ хөгжүүлсэн явдалтай холбон тайлбарладаг. Төсвийнхөө ихээхэн хэсгийг иргэдийнхээ боловсролд зориулдаг тус улс 2007 онд бүс нутгийн улсын иргэдийг холбох гүүр болж, нийгмийн хамтын ажиллагааны сүлжээг байгуулах зорилгоор “Тимасек сан”-г байгуулж, Сингапур болон бусад улсын шилдэг байгууллагуудтай хамтарч эрүүл мэнд, боловсрол, төрийн удирдлага, гамшгийн хариу үйлдэл зэрэг салбарын хүний нөөцийн чадавхийг сайжруулах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж иржээ.
Сингапур улс нь дээрх сангийн хүрээнд Монгол улсын боловсролын салбартай хамтран ажилладаг боловч хоёр улсын Засгийн газар хоорондын оюутан солилцооны түвшинд хамтарч ажиллаж байсан туршлагагүй. Тиймээс өчигдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалан, Монгол Улсаас Сингапур улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт элчин сайд Т.Лхагвадорж нар Сингапурын Боловсролын сайд Онг Йе Кунгтэй албан уулзалт хийж, Сингапурын Политехникийн сургуультай хамтран хэрэгжүүлж буй Монгол Улсын төрийн өмчит их, дээд сургуулиудад инженерийн боловсролын CDIO (Сэтгэн бод, зохион бүтээ, хэрэгжүүл, гүйцэтгэ) арга зүйг нэвтрүүлэх төслийн хүрээнд сургуулиудын удирдах албан хаагчдад зориулсан сургалт хийгдэж буйд талархлаа илэрхийлээд Монгол, Сингапурын боловсролын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх ажлын хүрээнд монгол оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх, Монгол Улсын бүх шатны боловсролын байгууллагын багш нарын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэхэд Монголын талд дэмжлэг үзүүлэх боломжийн талаар судалж үзэн цаашид хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа салбарын сайд уламжиллаа. Сингапурын Боловсролын сайд саналаа албан бичгээр ирүүлэхийг хүсч, цаашид илүү ахисан түвшинд хамтран ажиллаж, дэмжихээ илэрхийллээ.
Эх сурвалж: БСШУСЯ