Авлигатай Тэмцэх Газраас тавдугаар сард хийсэн ажлынхаа талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасангийн “Ерөнхий сайд асан С. Баярыг АТГ-ын дарга Х.Энхжаргал өрөөндөө дуудан дарамталсан байж магадгүй” гэсэн өчигдрийн хийсэн мэдээлэлд АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн дарга, Эрхэлсэн комиссар Э.Идэрцог тайлбар өглөө.
Тэрбээр”Оюу толгойн гэрээтэй холбоотой хэргээр шалгагдаж байгаа хүмүүс шүүгчийн захирамжаар цагдан хоригдож шалгагдаж байгаа. Сэжигтэн, яллагдагч нарыг хоригдож байгаа байгууллагаас тодорхой хугацаагаар прокурорын зөвшөөрлөөр гаргаж шалгах ажиллагаа явагддаг.
Яг энэ ажиллагааны дагуу 2018 оны 5-р сарын 3-ны өдөр Ерөнхий сайд асан С. Баярыг урьдчилан хорих 461-р ангиас авчирч өмгөөлөгчийнх нь хамтаар байцаалт авах тодорхой ажиллагаанууд хийгдсэн. Сэжигтэн, яллагдагчдыг АТГ-т авчирч байцаасан нь хуулийн дагуу прокурорын зөвшөөрөлтэй явсан бөгөөд залхаан цээрлүүлсэн, дарамталсан, айлган сүрдүүлсэн зүйл байхгүй. Хэргийн нөхцөл байдалтай холбоотойгоор шалгах явц нэлээд удаан хугацаагаар үргэлжлэх шаардлагатай байгаа” гэв.