Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс өнөөдөр АТГ Х.Энхжаргалын хувийн газар болсон нь баримтаар нотлогдлоо сэдвээр мэдээлэл хийлээ.
АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан“Өнөөдөр Монгол Улсын төрийн албаны тухай хуульд зааснаар таван төрлийн мэргэжлийн шалгалт өгч 60 дээш оноо авсан шилдгийн шилдгүүд АТГ-т ажиллаж асуудлуудыг шийдэж байгаа гэж Монголын ард түмэн харж байгаа. Гэтэл өндөр цензур тавьдаг хувийн компаниас доогуур хэмжээнд хүрсэн байна. Манай АТГ авлигатай тэмцэж чадахгүй байгаа. Маш жижиг авлигын хэргийг шийдвэрлэж чадахгүй байна. Тийм учраас яагаад АТГ-ын боловсон хүчний хүчин чадал муу байна гэдэг бидний анхаарлыг татсан учраас төрийн албаны хуульд заасны дагуу мэргэжлийн хүмүүс ажиллаж байна уу гэсэн лавлагааг төрийн албаны зөвлөлөөс авсан. Лавлагааны хариуг бид 5-р сарын 25-ны өдөр хүлээж авсан. Төрийн албаны зөвлөлөөс “АТГ-аас сонгон шалгаруулалтын талаар ямар нэгэн мэдээ ирээгүй. Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг байгуулах талаар манай зөвлөлд хүсэлт ирж байгаагүй. Ямар нэгэн шийдвэр төрийн албаны зөвлөлөөс гаргаагүй ” гэсэн хариу хүлээж авсан.
Монгол Улсын төр мэргэжлийн шалгалт авч төрийн албыг хашуулдаг. Гэтэл АТГ-ын нөхдүүд мэргэшсэн хэмжээнд хүрээгүй байна. Төрийн албаны зөвлөлийн 50-р тогтоолын хавсралтаар АТГ-т шинээр ажилд орох гэж байгаа буюу шилжин ажилд орох гэж хүмүүст шалгалт авах журам байгаагүй нь нотлогдсон байна.
Энэ журмаар бол тус шалгалт 21 хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил тод зарлагдаж таван төрлийн шалгалт авах ёстой.Хуулийн мэргэжилтэй хүн болгон шүүгч, прокурор болдоггүй, нарийн мэргэжлийн шалгалт өгдөг. Гэтэл шалгалтад ороогүй, мэргэжлийн бус хүмүүс АТГ-т ажиллаж төсөв дэмий завшаад сууж байгаа нь харагдаж байна.
Мөн АТГ-ын дарга Х.Энхжаргал гэдэг хүн төрийн хуулийг уландаа гишгэжээ. Магадгүй авлигачдын шахааны хүмүүсийг ажиллуулдаг биз байгаа даа гэдэг хардлагыг төрүүлж байна” гэж мэдэгдлээ.
АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүн н.Мөнхжаргал “2010 онд төрийн албаны зөвлөлийн 50-р тогтоолоор АТГ-т шинээр ажилд орж байгаа хүмүүст тавигдах журмыг баталж өгсөн. Монгол Улсын УИХ-аас АТГ-ын бүтэц орон тоог 172 гэж баталж өгсөн байдаг. Тэгэхээр 2010 оноос хойш АТГ орж байгаа хүн бүр төрийн албаны зөвлөлөөс гаргасан сонгон шалгаруулалтын журмын дагуу шалгалт өгч томилогдох үүрэгтэй. Гэтэл АТГ нэг ч удаа сонгон шалгаруулалтыг зохион байгуулаагүй байна. Мөн сонгон шалгаруулах комисс байгуулаагүй байна” гэв.
Г.Нараа