Хүлгийн тоостой хүүгийн ч тоос бас замхарлаа

ИРЭЭДҮЙГЭЭС ҮНЭТЭЙ УЛАМЖЛАЛ
Монголчууд бидний үндэсний ижилслийн нэг бүрэлдэхүүн хэсэг болох морин уралдааны утга учир, уламжлалт агуулгыг бид нийтээрээ хүлээн зөвшөөрч, хүндэтгэдэг. Хэдий тийм ч, нас биед хүрээгүй, бусадтай хэлцэл хийж өөрийгөө бүрэн төлөөлөх эрх зүйн чадамжгүй хүүхдүүдийг энэ соёл уламжлал нэр доор хохироож, тэднээс ирээдүйг нь хулгайлж буйд сэтгэл эмзэглэдэг.

Монгол Улсад хурдан морь унаж байгаа хүүхдүүд дунджаар 6-16 настай байдаг. Уяач нар ихэвчлэн амьжиргааны түвшингээр дунд болон түүнээс доогуур орлоготой айлын хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчтай тохиролцож, хүүхдээр нь морио унуулдаг.

Тухайн хүүхдийн морь унасан хөлсөнд өгч буй мөнгөний дийлэнх хэсэг нь өрх гэрийнх нь амьжиргааны зардалд зарцуулагддаг ба харин морь унаач хүүхдэд өөрт нь өчүүхэн хэсэг нь ноогддог гэж 2011 оноос хойш боловсруулагдсан Хүний Эрхийн Үндэсний Комиссын “Хурдан морины хаврын уралдаан ба хүүхдийн эрх” судалгааны тайланд тэмдэглэжээ.

Уяач эрхэмүүд өөрсдийн үр хүүхдээр ийм амь нас, эрүүл мэндээ дэнчинд тавьж, хариуд нь багахан хэмжээний шан харамж хүртэх хүнд хэлбэрийн хөдөлмөрийг эрхлүүлэх эсэх нь юу л бол. Өөрөөр хэлбэл, бидний өнөөгийн морин уралдааны загвар бол эдийн засгийн эмзэг байдалд байгаа, өөрийгөө бүрэн төлөөлж шийдвэр гаргах боломжгүй насанд хүрээгүй хүүхдийн хөдөлмөрийг мөлжиж байгаа хэлбэр мөн.

Үүнээс ч илүү сэтгэл зовнимоор асуудал бол морь унаач хүүхдүүдийн боловсрол, ирээдүйн асуудал юм. Хурдан морины хаврын уралдааны үеэр уралдаанч хүүхдүүд дор хаяж 30 хүртэл хоногоор хичээлээс чөлөө авах, таслах, эсвэл хичээлдээ явсан ч гэрийн даалгавараа хийхгүй байх зэрэг сурлагын чанар нь буурах нь хандлага өргөнөөр ажиглагддаг гэж дээрх судалгаанд тэмдэглэжээ.

Хоцорсон хичээлийг нөхөж заах, хоцрогдлыг арилгах арга хэмжээ авах нь сургууль болон багш нарын үүрэг хэдий ч, багш нарын болон анги танхимын хүрэлцээ муу, цаг хугацааны асуудал зэргээс болоод боломжгүй байдаг, мөн давтлага хичээл хийлгэсэн ч үр дүн бага гардаг байна. Хичээлээс хоцрогдож үеийн хүүхдүүдээс сурлагын дүнгээр мууд тооцогдох болсон хүүхдүүд хичээл ном сонирхохоо больж, морь унаж амьдрах нь боломжтой, энэ чигээрээ байж болно гэсэн хийсвэр төсөөлөлтэй болдог байна.

Хурдан морь унуулах шалтгаанаар хичээлээс чөлөө олгохыг хориглох талаар сургуулийн захиргаа, холбогдох албаны хүмүүсээс багш нарт даалгадаг хэдий ч, хурдан морины эзэд нь тухайн аймаг сумынхаа нөлөө бүхий эрх мэдэлтэй хүмүүс байдаг тул хурдан морийг нь унаж уралддаг хүүхдийг нь хичээлээс чөлөөлж явуулах даалгавар өгч, тэр даалгаврыг нь үг дуугүй биелүүлэх тохиолдол гардаг гэж дээрх судалгаанд мөн тусгажээ.

Манай Улс хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын гэрээ конвенцид нэгдэн орсон боловч үүний дагуу дотоодын хууль тогтоомжоо боловсронгуй болгох үйл ажиллагаа төдийлөн бүрэн хангагдаагүй байна. Өөрөөр хэлбэл хурдан морины уралдаанч хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн тогтолцоо манай улсад одоогоор байхгүй байна.

ХҮЛГИЙН ТООСТОЙ ХҮҮГИЙН Ч ТООС БАС ЗАМХАРЛАА
Хүн бол тухайн улсынхаа үнэт капитал. Энэхүү капиталыг нүдний цөцгий мэт хамгаалах нь бага балчир наснаас нь төдийгүй эхийн хэвлийд тээгдсэн мөчөөс эхэлнэ. Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа. Эрүүл саруул өсөж бойжсон, ном судар эргүүлэн оюун нь төгөлдөржсөн үрс ирээдүйн чухал хөрөнгө оруулагчид юм.

Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил гэдэг. Уламжлалаа мэдэх, хадгалах нь Монгол хүмүүний амин чанарын (national identity) нэгэн хэсэг. Энэхүү амин чанарын нэгэн хэсэг алаг үрсийн аминд халтай бол яах вэ? Хамтдаа түүх уламжлал ийм, тийм гэсээр аанай л үл мэдээч, үл сонсооч оо хийх үү.

Хурдан морины уралдаан нь Монголын ард түмний төрт ёсны өв соёлын үнэт баяр цэнгээн юм. Гарааны зурхайгаас хүлэг морьд эргэж, хүүхдийн гийнгоон дуу хөвчийн хангайг уяртал, хорвоо дэлхийг тэгширтэл цуурайтахад, соёолонгийн тоос тэнгэр газар, хүмүүний ертөнцийг угалзруулан зурахад нь омогшил төрдөггүй Монгол хүмүүн гэж үгүй билээ.

Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагдаж буй (1803-1920 оны) Наадмын баримтын нийт 381 цуглуулга дансыг шүүж үзэхэд тухайн оныхоо 5-8 дугаар сард даншиг наадмаа хийж байсан нь тодорхой харагдаж байна. Мөн Хан Хэнтий уулын аймгийн Галшар уулын хошууны дансыг шүүж үзэхэд мөн тухайн оны 5-8 дугаар сард даншиг наадмаа хийж байжээ. Үүнээс үзвэл хурдан морины уралдаан нь төрт ёсны түүхэн уламжлал, өв соёл мөн боловч өвөл, хаврын улиралд зохион байгуулах нь төрт ёсны түүхэн уламжлал, өв соёл хэмээн үзэх бодит үндэслэлгүй байна.

Монгол дархлааг бадраан, сэтгэл цэнгүүлэвч энэхүү уралдаан нь уламжлалт хэв маягаасаа илүү өргөн цар хүрээтэй болж, зөвхөн зун биш өвөл, хавар зохиогдох болсноор хүүхдүүд эрүүл мэндээрээ хохирч, амь насаа алдах тохиолдлууд гарч байна. Тоо баримт сөхвөл: 2012 онд 326, 2013 онд 308, 2014 онд 307 морь унаач хүүхэд бэртэл гэмтэл авсан байна. Мөн 1996-2016 оны хооронд нийт 25 унаач хүүхэд амь эрсдсэн байна. Эндсэн хүүхэд, осолдсон морь харан баясах хөө шиг дотортой улс бишсэн бид.

Хаврын уралдаанд их нас дунджаар 18-20 км, азарга соёолон 16-18 км замд уралдаж байгаа бөгөөд гараа хүртэлх болон эргээд уралдах зайг тооцоолбол уралдаанч хүүхэд -10-аас -20 хэмийн хүйтэнд 100-112 км замыг туулж байна. Морин уралдааны болон мориноос унасан үед хүүхдүүдэд тохиох эрүүл мэндэд үзүүлж буй сөрөг нөлөө нь толгой мөчдийн гэмтэл авах, ясны хугарал, хөлдөлт осголт, дотор эрхтний гэмтэл, нүдний эвэрлэг бүрхэвч хөлдөх, амьсгалын замын өвчнөөр өвчлөх зэрэг болно.

Уралдаанч хүүхдүүд “Ер нь хавар уралдаан хийхгүй, зөвхөн зун уралддаг бол ямар вэ?” гэсэн асуултад хавар уралдах гоё гэж 227 буюу 42.9 хувь, 299 буюу 56.5 хувь нь зөвхөн зун уралдаад, өвөл хавар хичээлдээ явж байвал зүгээр гэж хариулсан байна. Учир иймд 11 дүгээр сарын 1-нээс 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хүүхдээр морь унаж уралдуулаа больцгоох нь зүйтэй юм.

Давшингуй урагшилж, бадрангуй хөгжиж буй цэнхэр гарагийн хөгжлийн аянд Монгол Түүх тэртээд номон дээр хоцорно, харин Монгол УЛАМЖЛАЛ яах вэ?

Гар дахь 3310 нь I Phone-оор, хөдөө талын морин төвөргөөн нь моторын дуугаар, үйлдвэрүүд автомат төхөөрөмжүүдээр солигдож хүн шиг ярьдаг хиймэл ухаан, хүүхэд шиг давхих морь унаач робот, таны зүрхийг орлох хиймэл зүрх, хүн байх үүргийг (сэтгэл, хайр,оюун бодол) тань гүйцэтгэхэд туслах цахим эрин моодонд орж буй энэ үсрэнгүй хөгжлийн үед бид хэдэн зуун, бишээ хэдэн жаран хурдан морио уралдуулах бол. Уламжлалаа орчин үеийн техник технологийн дэвшилтэй морин уралдаанаа зэрэгцүүлэн хөгжүүлбэл дээргүй юу?

Дэлхийн хамгийн анхны РОБОТ МОРЬ УНААЧ Их Британи улсад саяхан зохион бүтээгдсэн. Энэхүү робот нь цагт 30км хурдтай явж буй морийг унаж, морь булгих үед тэсэх чадвартай гэнэ. Мөн сайн чанарын хурдан морь унаач хүүхдийг хамгаалах техник хэрэгсэл захаас аваад бий. Цаашид эдгээр туршлагуудыг судлан хурдны морь унаж буй хүний аюулгүй байдлыг дэлхийн дэвшилтэт технологиудыг ашиглан хангаж байх нь зүйтэй юм.

Морь дэлтэй сүүлтэй, хүн дээртэй доортой. Уншигч ахай та намайг уламжлалаа үгүйсгэсэн моньд хэмээн зэмлэвэл зэмэлсүгэй. Хөвүүн нь дуулснаа хуваалцаж, санаснаа сийрүүллээ.

Эрүүл саруул, эрдэм боловсролтой Монголын үрс маш олон болтугай.

https://www.facebook.com/bold.bayarbaatar

 

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …