Арилжааны банкуудыг татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлэх лобби яваад эхэллээ

Арилжааны банкуудын чанаргүй зээл өссөөр өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын тайланд 1.1 их наяд төгрөг гэж мэдээлж байжээ. Энэ бол банкуудын өндөр хүүтэй зээлтэй шууд холбоотой гэж эдийн засагчид тайлбарладаг. Өөрөөр хэлбэл зээл авсан аж ахуйн нэгж өсөж, дэвжих бус харин хүү төлсөөр байгаад дампуурах хэмжээнд хүрч байгаа учраас л чанаргүй зээлийн хэмжээ өссөөр байгаа юм. Жишээ нь Apple, Alibaba зэрэг дэлхийн компаниуд Монголд үйл ажиллагаа явуулдаг байсан бол зээлийн хүүнд дарлуулж, дампуурлаа зарлах байсан. Энэ утгаараа Монголын банкны зээл хоол биш хор болдог тал бий гэж эдийн засагчид шүүмжилдэг.

Гэтэл өөрсдийн бий болгосон энэ алдаа дутагдлаа төрөөр буюу татвар төлөгчдийн мөнгөөр залруулахаар улайрч эхэллээ. Тодруулбал, Засгийн газар “Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хууль” нэртэй лоббитой хуулийн төсөл өргөн барьж, түүнийг нь УИХ хэлэлцэхээр боллоо.

УИХ дахь намын бүлгүүд энэ асуудлаар хаалттай хуралдаж байгаа мэдээлэл ч байна. Хүн бүр хүүхдийн баяр гээд зав чөлөөгүй, манарч явах зуур төрийн ордонд ийм “хөгийн” хуулийн төсөл хэлэлцэгдэж байна.Уг нь банкууд зээлийн хүүгээ буулгавал чанаргүй зээлийн асуудлыг цэгцэлж болно. Гэвч УИХ арилжааны банкны зээлийн хүүг бууруулахыг дэмжээгүй. Өөрөөр хэлбэл энд банкуудын нөлөөлөл орсон гэж хардаж болохоор.

Тэгвэл зээлийн хүү буулгаж чадаагүй УИХ одоо банкуудад санхүүжилт олгох нэрээр татварын мөнгөөр тэднийг угжих гэж байна. Багш, эмч нарын цалинг нэмэхгүй гэхээр байдаггүй мөнгө. Эсвэл хүүхэд бүрт олгох гэхээр олддоггүй мөнгө банкуудыг санхүүжүүлэх гэхээр гаргаад ирлээ. Үүнийгээ эвтэйхнээр тайлбарлаж, Монголын санхүүгийн салбар бат бэх байх ёстой гээд итгүүлэх ажиллагаа маш идэвхтэй явагдаж байна. Энэ ариун явдал уу. Яагаад банкны салбарын буруу үйл ажиллагаанаас үүдэлтэй алдааг татвар төлөгчид үүрэх ёстой гэж?


Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …