Зайсан дахь барилгуудыг бүгдийг нь буулгая

Улаанбаатар хотын удирдлагууд 2011-2012 оны хооронд буюу нэг жилийн хугацаанд Зайсан орчимд 168 аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл олгожээ. Энэ зөвшөөрлийн дагуу хамгаалалтын онцгой бүсэд 894 обьект, энгийн хамгаалалтын бүсэд 500 гаруй барилга баригдсан байна. Зайсан гэнэт барилгаар дүүрсэн шалтгаан энэ л дээ.

 Гэхдээ төр зөвшөөрсөн учраас л эдгээр барилгууд баригдаж, хүүхдийн хорихоос өөр барилгагүй зэлүүд газрыг Улаанбаатарын “Ганнам дүүрэг” болгож чадсан юм. Одоо Зайсан гэхээр л үнэтэй, зэрэглэл дээгүүр гэсэн ойлголт бий болчихоод байна. Энэ утгаараа үйл ажиллагаа явуулж буй aж ахуйн нэгжид орлого орж, төр түүнээс нь ахиу татвар авч байна.

Хэрвээ хүүхдийн хорихоос өөр зүйлгүй зэлүүд газар байсан бол төр хэнээс татвар авах вэ гээд бодоод үзэхэд гэмгүй. Зайсанд байгаа 160 гаруй аж ахуйн нэгжийн 1300 гаруй барилгад явагдаж буй үйл ажиллагаа бүрээс авсан татвар нийслэлийн зам, барилга, хөгжилд онцгой хувь нэмэр оруулж байгааг мартаж болохгүй юм.

Гэтэл саяхнаас “Зайсан орчмын барилгыг нураая” гэсэн уриалга бүхий арга хэмжээнүүд өргөжиж эхэллээ. Үүнийг нь УИХ-ын гишүүн, сайд дарга нар удирдан толгойлж байгаа харагдав. Үнэндээ энд барилга барих зөвшөөрлийг тэд л өгсөн. Бас эдгээр барилгуудаас авсан татварыг тэд л захиран зарцуулдаг. Өөрөөр хэлбэл Зайсан орчимд аж ахуйн нэгжүүдэд зөвшөөрөл олгож, тэд үйл ажиллагаа явуулаад эхэлбэл төрд ашигтай гэдгийг гишүүд, сайд, дарга нар маш сайн мэдэж байгаа. Гэвч мэдсээр байж олон нийтийг бухимдуулсан үйл ажиллагаа зохион байгуулж, мэдэн будилж яваа нь ердөө хувийн амбиц, ашиг сонирхолтой нь холбоотой бидний ярьдаг популизм төдий хийрхэл юм.

Тэгвэл тэдний популизмын дагуу Зайсан дахь 1300 гаруй барилга, байгууламжийг бүгдийг нь нураах ёстой юу. Энэ ажлыг хэний зардлаар хэн зохион байгуулах вэ?

Зөвшөөрлийн дагуу өөрийн хөрөнгөө гаргаж, барьсан бүтээн байгуулалтаа төрийн орон гаран шийдвэрийн дагуу хувийн хэвшлийнхэн лав нураахгүй. Тэгээд ч нэг сайд нь зөвшөөрч, нөгөө нь хууль зөрчсөн мэтээр олон нийтэд ойлгуулдаг ч цаанаа татвар авч, ТОП аж ахуйн нэгжээр зарлаж, шагнаж урамшуулдаг явдлыг мэддэг учраас нураах, буулгах явдалд тийм ч таатай хандахгүй л болов уу.

Ер нь хөгжил дэвшил рүү тэмүүлэхээр доош татаж чангаадаг муу зуршил Монголчуудад л байна. Түүнээс бусад улс шиг нэгнээ дэмжээд явбал хөгжил дэвшил гэгч тийм ч хол биш юм. Улаанбаатарыг, улс орныг өдий зэрэгтээ авч яваа гавьяа хувийн хэвшлийнхэнд оногдох учиртай.  Төр бол тэднээс татвар л авдаг. Эргээд энэ татвар улс орныг хөгжүүлэх түлхүүр, хөдөлгөгч хүч нь болох учиртай. Гэвч татварын захиран зарцуулалт дээр алдаа байдаг учраас л өнөөдөр Монголын төр хүүхэд бүртээ мөнгө өгч чадахгүй хавчигнаж байна шүү дээ.

Түүнээс аж ахуйн нэгжүүд татвараа төлсөөр л байгаа. Түүнийхээ хажуугаар төрийн орон гаран, сэтгэцийн өвчтэй гэмээр шийдвэрүүдийг даван туулсаар байна.

Төр одоо 10-аад жилийн өмнө өгсөн зөвшөөрлүүдээ цуцалж, олон арван барилга байшинг иргэдийн татварын мөнгөөр буулгаж, нураах ажлыг гардан зохион байгуулах гээд байх шиг байна. Урагшаагаа хөгжиж чадахгүй юм бол хөдсөн дээлтэй үе рүүгээ ухарч, бүтээн байгуулалтуудыг нураасан ч яах вэ. Тэгээд иргэдийнхээ халааснаас ахиу татвар авч, урд хойд хөршийнхөө хөгжил дэвшлийг яриад л сууя. Үүн шиг амар зүйл хаана байна вэ?

Саяхандаа, одоо Зайсангийн дагуух барилгыг нураая гээд яриад яваа УИХ-ын гишүүн төрийн зардлаар гадны улс оронд аялж ирээд, тухайн улсын хөгжилийг ихэд гайхан биширч, бахдан ярьж байсныг санаж байна. Хөгжил дэвшил чинь хуурайшсан, хатсан өвстэй уул толгод, татарч, ширгэсэн гол, усыг бус, түүнийг арчилсан, орчин үетэй хөл нийлүүлсэн бүтээн байгуулалтыг л хэлээд байгаа гэдгээ гишүүн өөрөө ч ойлгосон байлгүй дээ. Гэтэл үйлдэл дээрээ мундаг хүн болох гээд өөрөө дааж давшгүй их өр төлбөрт ч орж мэдэхээр нөхцөл байдлыг үүсгэлээ.

Одоо та бүхэн Сүхбаатар дүүргийн өмнө Сэлбэ голыг хар л даа. Хэчнээн сайхан бүтээн байгуулалт өрнөж, хэчнээн иргэн Сэлбэ голын эрэг дагуу амарч, чөлөөт цагаа өнгөрүүлж байна вэ. Энэ бүтээн байгуулалтыг хувийн хэвшил л өрнүүлсэн. Гэвч бас л дээшээ яваа нэгнээ доош нь татдаг хорон үг, үйлдлээс болоод ажил нь цааш өрнөлгүй зогсчихоод байгаа. Яагаад бид хотынхоо дундуур голоо урсгаж, бусад шиг эрэг дээр нь амарч, зугаалж, болдоггүй юм бэ.

Туул голын дагуу амарч зугаалж байгаа нэртэй идсэн ууснаа хаяад явдаг байсан хуучин үеийг  шинэ цагийн нийслэлчүүд хүсэхгүй байна. Манай Улаанбаатар Англи шиг алсыг харагчтай, франц шиг том, том гүүрэн байгууламжтай, Сингапур шиг голоо дагасан шилэн барилга, ресторануудтай байгаасай гэж хүсч байна. Яагаад туул гол хогонд дарагдаж, хуучин Монголоос салж чадахгүй булингартах ёстой гэж. Туул гол нийслэлийн дундуур зүгээр нэг урсаад өнгөрөх бус бидэнд үр шимээ хүртээж, эрэг дагуу нь аялал жуулчлал жинхэнэ утгаараа хөгжөөсэй. Москва хотын төв дундуур урсан өнгөрөх Москва голыг хараад хэчнээн их биширч, уулга алдаж байв. Туул гол минь ч түүн шиг уулга алдуулан урсаж, тойрон хүрээлсэн бүтээн байгуулалтууд нь улс орон, хотынхоо хөгжил цэцэглэлтийг илтгэж, гадны жуулчдыг татах нэг хэрэгсэл болоосой гэж маш ихээр хүсч байна.

Өнөөдөр Монголд ирсэн жуулчин Сүхбаатарын талбай дээр зургаа даруулж, Гандан орж мөргөчихөөд хөдөө талыг зорьж байна. Учир нь манай нийслэлд өөр үзэх зүйл алга байна шүү дээ. Лондон шиг алсыг харагч, Парис шиг цамхаг, Нью-Йорк шиг хөшөө, Бээжин шиг хэрэм, Москва шиг талбай манай нийслэлд алга. Харин энэ бүтээн байгуулалтуудыг өрнүүлэх шийдэл санаачлага хувийн хэвшлийнхэнд бий. Гэвч төрөөс ирэх дарамт дэндүү их учраас халширч, гадны компанийн борлуулагч хийхээс хэтрэхгүй л байна.

Сүүлдээ өгсөн зөвшөөрлөө хүртэл мартаж, мэлздэг төрийн эргэлзээтэй шийдвэр дэлхийтэй өрсөлдөх дэврүүн хүслийг үгүй хийж, төрийн халамжинд ханасан дуугүй Монголчуудыг л бүтээх гээд байх шиг. Гэвч төрийн халамжинд өгч буй энэ мөнгийг хувийн хэвшлийнхэн бүрдүүлдэг юм.

Хэрвээ хувийн хэвшил үгүй бол энэ улс орон бүхэлдээ гадны хөрөнгөөр хооллодог тусгаар бус улс орон болж хувирна биз дээ. Үнэхээр ийм зүйлийг хүсээд байгаа бол хамаа алга нураа, нураа.

Эм Си Эс-ийн тансаг харшууд, Хууль зүйн Дотоод хэргийн сайд Ц.Нямдорж амьдардаг Велла Веста хотхон, Номингийн Ривер Гарден, Сөүл группийн Сөүл хотхон, Оюуны Ундраагийн барьсан Зайсан Скуар гээд бүгдийг нь буулга, бүгдийг нь нураа. Харин үүний дараа хувийн хэвшлийнхэн болоод тухайн орчинд ажиллаж, амьдарч байсан иргэдийн хохирлыг барагдуулчихаад дахиж ямарч сайд дарга Зайсан болон туул голын дагуу газар эзэмших, ашиглах зөвшөөрөл олгохгүй гэдгээ ард түмэндээ амлаж, тангараг өргөх хэрэгтэй болов уу.

Эх сурвалж:Gogo.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …