2017 оны 12-р сарын 15-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарын гишүүд Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Элчин сайдаар томилох асуудалтай холбогдуулан нээлттэй сонсголыг зохион байгуулсан билээ.
Тэгвэл өнөөдөр 15:00 цагт ТЕГ-ын дарга асан Б. Хурцтай холбоотой асуудлаар УИХ-ын Л.Оюун-Эрдэнэ АТГ-т очиж мэдүүлэг өглөө. Тэрбээр мэдүүлэг өгч гарч ирснийхээ дараа сэтгүүлч нарт мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Тагнуулын Ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Хурц гомдол гаргасан байна. Өөрийнх нь асуудлыг УИХ-ын чуулганаар нээлттэй хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн байр суурийг миний хувьд илэрхийлж байсан.
Мөн нээлттэй сонсгол хууль зөрчсөн гэж үзэж Ж.Батзандан, Л.Болд гишүүн бид гуравт гомдол гаргасны үндсэн дээр тодруулга авч байгаа юм байна. Тодруулгыг өнөөдөр дуудсан 15:00 цагт ирж мэдүүлэг өглөө.
Миний хувьд нэг зүйл дээр байр сууриа илэрхийлсэн. Нээлттэй, хаалттай сонсгол гэсэн асуудал дээр АТГ зохион байгуулалттай, хурдан ажиллаж чадаж байна. Тэгвэл 60 тэрбумтай холбоотой асуудал дээр яагаад өнөөдрийг хүртэл олон нийтэд цэг тавьсан мэдээллийг өгч чадахгүй байгаа юм бэ гэж хэллээ. Эрдэнэтийн 51 хувь, Стандарт банктай холбоотой асуудлыг АТГ шалгаад удлаа. Яагаад энэ асуудлаа түдгэлзүүлээд яваад байгаа юм бэ гэдгээ тайлбарлаач ээ гэж хэллээ.
Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудал дуулиан болж байгаад одоо мартагдах шатандаа орлоо. Яагаад энэ Авлигатай холбоотой эсэх дээр тайлбар өгөхгүй байгаа юм бэ. Нөгөө дуулиант алдарт 60 тэрбумын хэрэг яасан бэ?
Нэг хэсэг хэвлэлээр дуулиан болж байгаад замхардаг ийм зүйл рүү Монголын нийгэм даслаа.
60 тэрбумын хэрэг маш бодитой, бичлэгтэй хэргийг АТГ шалгасан. Хэрвээ 60 тэрбумын бүрэлдэхүүн хэсэг нь АТГ өөрсдөө биш юм бол энэ хэрэгт цэг тавиач ээ гэдгийг би сая илэрхийлсэн.
Хамгийн анх хэрэв би сонгогдох юм бол 60 тэрбумын хэргийг илрүүлнэ гэж хэлж байсан Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр хаана явна?
Амь насаа алдахаас ч айхгүйгээр Монгол Улсад шударга ёс тогтооно гэж мэдэгдэж гарч ирсэн Ерөнхий сайдын дуу хоолой өнөөдөр хаана явна?
Хэрвээ би Хуульзүйн сайд болбол хуулийн хайчийг, төрийн хайчийг хайчлуулна гэж мэдэгдэж байсан Хуульзүйн сайд өнөөдөр хаана явна?
Яагаад өнөөдөр Монголд дуулиантай хэргүүд нь замхраад нийтийн сонсгол гэх мэт хэргүүдийн хойноос хөөцөлддөг хууль хяналтын байгууллагатай болчхов оо? Үүн дээр хувь хүний хувьд миний тэвчээр алдагдаж байна.
Хангалттай харж, хүлээж Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Хууль зүйн сайдад найдаж явлаа. Энэ асуудлаар би төрийн ордон дотор зөндөө л хашхирлаа. Болдоггүй юм байна. Тодорхой хугацаанд, магадгүй, Хаврын чуулганаас өмнө энэ асуудлыг шийдэж, цэг тавихгүй бол олон нийтийн дунд орж, нийт иргэд, ТББ-уудтай нийлж орон даяар тэмцэл эхлүүлнэ гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.
Бид энэ байдлаараа л замхраад яваад байж болохгүй. Өнөөдөр би 60 тэрбумын хэрэгт холбогдсон УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ыг удирдах ёс зүйн эрхгүй гэж бодож байна. Тиймээс М.Энхболд дарга сайн дураараа УИХ-ын бүрэн эрхээсээ түдгэлзэж, АТГ болон Прокурорын нэгдсэн дүгнэлт сүүлчийн байдлаар гарсны дараа УИХ-ыг удирдах эрхтэй болно. Тэр хүртэл би УИХ-ын чуулганд оролцохгүй гэдгээ албан ёсоор илэрхийлж байна” гэж мэдэгдлээ.
Г.Нараа