Л. Оюун-Эрдэнэ: 60 тэрбумын хэрэг цэгцлэгдтэл УИХ-ын дарга албан тушаалаасаа огцрох ёстой

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн албан бичгийн хариуны талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “АТГ-аас шинжилгээнд ирүүлсэн бичлэг нь эх хувь биш учир дуу авианы адилтгал хийх боломжгүй гэж үзэж ирүүлсэн материалыг буцаасан талаар дурдсан байна. Интернетэд тавигдаж ил болсон 60 тэрбумтай холбоотой бичлэг, дуу авианы бичлэгийг дуу дүрс болгож эвлүүлэг хийгдсэн гэсэн дүгнэлтийг гаргасан юм байна. Мөн УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл АНУ-д хөндлөнгийн шинжээчид томилуулж гаргасан дүгнэлт нь гурван хүнтэй гэж гарсан. Гэрч Г.Доржзодов таван хүнтэй гэж мэдүүлэг өгсөн гэж үзсэн байна. 1,750 төрийн албан хаагчаас гэрчийн мэдүүлэг авахад хэн ч авилга өгч ажилд орсон гэж мэдүүлээгүй гэсэн үндэслэл гаргасан байна. Төрийн албыг үнэлж хахууль авах, сонгуулийн мөнгө босгох тухай ярилцсан асуудал бодит амьдрал дээр хэрэгжээгүй болох нь тогтоогдсон тул энэхүү хэргийг хэрэгсгүй болгож хаасан гэсэн дүгнэлтийг АТГ-аас өглөө.

Нээлттэй сонсголын хуулийн дагуу 60 тэрбумтай холбоотой асуудлаар зөвхөн цаас нь дээр байгаа байдлаар биш, бичлэг нь дээр байгаа нэр бүхий гурван хүн, УИХ-ын дарга М. Энхболд, гэрч Г.Доржзодов болон бусад гэрчүүд, хууль хяналтын байгууллагуудыг оролцуулан олон нийтийн өмнө нээлттэй сонсгол явуулахыг нийт УИХ-ын гишүүдэд уриалж байна. Хоёрдугаарт хэрвээ нэгэн  хүн албан тушаалд томилогдохдоо хэн нэгэн албан тушаалтанд авлига өгсөн нь тогтоогдвол прокуророос энэ хэргийг дахин сэргээх боломжтой.

Тийм учраас таны ирээдүй болсон хүүхдийнхээ ирээдүйг гэрэл гэгээтэй байлгахыг хүсвэл 93106060 утсанд хандаж энэ хэргийн талаар мэдээлэл өгөөч ээ гэж хүсмээр байна.

Мөн УИХ-ын дарга М.Энхболд та ёс зүйн хариуцлага хүлээж огцрох ёстой. 60 тэрбумын хэрэгт холбогдсон УИХ-ын дарга хууль хяналтын байгууллагад нөлөөлж ийм дүгнэлт гаргачихаад УИХ-ын чуулганыг удирдана гэдэг бол өөрөө ёс зүйн хувьд боломжгүй юм. Энэ бүх зүйл цэгцлэгдтэл та үүрэгт ажлаасаа сайн дураараа түдгэлзэж, албан тушаалаасаа огцрох шаардлагыг таньд албан ёсоор бичгээр өгөх болно” гэж мэдэгдлээ.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 18-ны өдөр “60 тэрбум”-ын асуудлаар Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргалд “УИХ-ын даргын Улс төрийн бодлогын зөвлөх Б.Гүнбилэг 2018 оны зургадугаар сарын 16-нд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг 60 тэрбумын хэргийг шалгаад гэмт хэргийн шинжгүй болохыг тогтоосон. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ямар ч мэдээлэлгүй байна гэсэн албан ёсны мэдээлэл хийсэн.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд гэмт хэргийн шинжийн талаар хуульчилсан байдаг. Тиймээс чухам аль шинж нь байхгүй болохыг тогтоосон талаар Монголын ард түмэн болон УИХ-ын гишүүдэд өнөөдрийг хүртэл албан ёсоор мэдээлэл байхгүй байна. Хуульд зааснаар УИХ-ын гишүүн нь албан ёсны тайлбар авах бүрэн эрхтэй тул зургадугаар сарын 19-ний дотор албан бичгээр холбогдох тайлбарыг ирүүлнэ үү” гэсэн тайлбар авахыг хүссэн албан бичгийг хүргүүлсэн юм.

Г.Нараа

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …