Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны байрны гадаа өнөөдөр өглөө эмч, эмнэлгийн ажилчид суулт хийлээ. Тэд Засгийн газар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрийн 3.2 дах заалт, нэмэлт хэлэлцээрийн 1, 3, 5, 7, 8 дах заалтуудыг өнөөдрийг хүртэл хэрэгжүүлэхгүй үл тоож байна гэж үзэн салбарын сайд С.Чинзоригийг албан тушаалаас огцрохыг шаардаж байгаа аж.
Энэ үеэр Монголын эрүүл мэндийн үйлдвэрчний эвлэлийн дарга Б..Мягмар ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргатай уулзсаныхаа дараа дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр“ Эрүүл мэндийн салбарын ажилтнууд цалингаа нэмүүлэхийн тулд маш удаан хугацаанд тэмцэл хийж байна. Салбар яамтайгаа тооцоо судалгаан дээр үндэслэн хэлэлцээр хийсэн ч ХНХ-ын сайд С.Чинзориг хууль бусаар хэлэлцээрийг бүртгэхээс татгалзсан. С.Чинзориг эмнэлэгт хэвтэж байгаа шалтгаанаар бид яамны Төрийн нарийн бичгийн даргатай уулзсан ч бидний өнөөдрийн шаардлагыг бичгээр хүлээн авч, бичгээр хариу өгнө гэлээ. Тиймээс өнөөдөр бид өнөөдөр энд суух шаардлагагүй боллоо. Маргаашнаас эхлээд эрүүл мэндийн салбарынхан хүсэлтээ өгч, тав хоногийн дараа ажил хаялт хийх эрх нь үүснэ. Эмч эмнэлгийн ажилтнуудад удаа дараа худлаа ярьж, итгэл сэтгэлийг нь хөсөрдүүлсэн сайдаа огцруулах шаардлагыг УИХ-д хүргүүлнэ” гэлээ.
Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлэх аж.
Шаардлагад:
-Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх, хүний нөөцийн бодлогыг сайжруулж, сувилагчийн орон тоог нэмэгдүүлэх, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй зэрэг асуудлаар салбар дотроо тохиролцон шийдвэрлэх боломжтой гэж үзэн 2018 оны 05 дугаар сарын 29-ны өдөр байгуулсан “Эрүүл мэндийн салбарын 2017-2018 оны хамт (тариф)-ын нэмэлт хэлэлцээр”-ийг хууль бусаар ямар нэг шалтаг, шалтгаан тоочихгүйгээр энэ сарын 21-ний дотор бүртгэх,
-Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны улсын хэлэлцээрийн 3.4 дэх заалт, мөн 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн 3.2 дах заалт, нэмэлт хэлэлцээрийн 1, 3, 5, 7, 8 дах заалтуудыг тохиролцож гарын үсэг зурж баталгаажуулсан боловч огт хэрэгжүүлэхгүй, ажлаа хийдэггүй, худалч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийг албан тушаалаас нь огцруулах,
Дээрх шаардлагыг хэрэгжүүлээгүй тохиолдолд “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн улсын 3 талт хэлэлцээр”-ээр үүсгэсэн хамтын маргааны хүрээнд ажил хаялт хийх эрх үүссэн тул 2018 оны зургаадугаар сарын 22-ны өдрөөс эхлэн ажил хаялт зарлахаа албан ёсоор мэдэгдэж байна.
.