Б.Жагар: Суурин дээрээ хэд эргэдэг гишүүдийн сэтгэц мэдрэлийг шалгуулах шаардлагатай

УИХ-аар Оюутолгой төслийг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг сонсох болсонтой холбогдуулан “Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-өөс УИХ-ын даргад УИХ-ын 76 гишүүний сэтгэц, мэдрэлийг шалгуулах шаардлагыг хүргүүлэх болсон талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд “Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-ий удирдах зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэбаяр “Оюутолгойн ордын 51 хувиас илүүг Монголын талд эзэмшүүлэх, Оюутолгойн ордыг ашиглаж байгаа Рио Тинто болон бусад хөрөнгө оруулалт хийсэн компани бүгд Өмнөговь аймагт дагавар хот бий болгох ёстой гэсэн байр суурьтай байгаа. Тиймээс Оюутолгойн төв оффисын өмнө 10 хоног гарын үсэг цуглуулж суусан. Одоогоор 8000 гаруй иргэн гарын үсэг зурж биднийг дэмжээд байна. Мөн бид УИХ-ын дарга М.Энхболдод тулган шаардах бичиг хүргүүлж байна.
УИХ-ын дарга та болон таны удирдаж буй 65 гишүүний буруу шийдвэрүүд хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашигт нийцэж, харин иргэдийг хохироож байна. Иймд энэхүү гэм хэргийн шинжтэй ноцтой үйлдлийн хариуцлагыг УИХ-ын дарга, гишүүд та бүхэн хүлээж, эрхэм УИХ-ын дарга М.Энхболд та өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөхийг Монголын ард түмэн тулган шаардаж байна.

“Оюутолгой”-н үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, гэрээний дүгнэлтийг хэлэлцэхийн өмнө УИХ-ын 76 гишүүнийг нэн яаралтай нарийн мэргэжлийн эмнэлгийн сэтгэцийн үзлэгт хамрагдахыг шаардаж байна. Учир нь та бүхний гаргаж буй шийдвэр болгон ард түмэн, улс эх орны эрх ашигт үл нийцсэн бөгөөд цөөн тооны хэсэг бүлэг, намын бүлэглэл, гадаадын хөрөнгө оруулагчдад зориулагдсан хууль тогтоомж, шийдвэр гаргаж буй тул иргэд сонгогчдын зүгээс та бүхний сэтгэцийг шалгуулах нь зөв хэмээн үзэж, энэ шаардах бичгийг хүргүүлж байна” гэсэн юм.

Түүний хийсэн мэдээллийн дараа “Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-ий ерөнхий зохицуулагч Б.Жагар “Оюутолгой төслийг шалгах ажлын хэсэгт хүндрэл учирч байгаа. Тухайлбал, Геологийн төв лаборатори “Оюутолгой” компанитай нууцын гэрээ байгуулсан асуудлыг МХЕГ-ын дэд дарга нууц хуралдааны үеэр ярьсан. Өөрөөр хэлбэл, нууцын гэрээ байгуулсан нэрээр ажлын хэсгийн гишүүд болон МХЕГ-т мэдээллийг гаргаж өгөхгүй, дээжийн шинжилгээний мэдээллийг Геологийн төв лабораторид гаргаж өгөхгүй байна гэж хэлж байсан. Алт, мөнгө, зэс гурвыг л олборлож байгаа гэх боловч бусад 21 элементийг улсын хилээр хууль бусаар гаргаж байна гэдэг нь тогтоогдсон. Тухайлбал, улсын хилээр 62 тэрбум төгрөгийн молибденийг хууль бусаар гаргасныг МХЕГ-аас тогтоосон юм. Гэтэл холбогдох албан тушаалтнуудыг худал мэдээлэл тараасан гээд шүүхэд өгчихлөө. Хөрөнгө оруулагчид 76 гишүүнд захидал явуулж, татварын 20 хувийг таван хувь болгох, зарим тохиолдолд тэглэх гэх мэт өөрсдөдөө ашигтай хууль гаргуулахаар лобби хийх гэж байсныг УИХ-ын гишүүн Ч.Улаан мэдэгдсэн шүү дээ. Монголд төр байхгүй болчихсон байна. Суурин дээрээ хэд эргэдэг энэ гишүүдийн сэтгэц мэдрэлийг шалгуулах шаардлагатай. Гаргасан хуульдаа хяналт тавьж, хариуцлага хүлээж, өргөсөн тангарагтаа үнэнч байж чадахгүй байгаа хүмүүсийг халах цаг нь болсон” гэлээ.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …