УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнө 60 тэрбум төгрөг босгох тухай Ц.Сандуй, өдгөөгийн УИХ-ын дарга М.Энхболд нарын бичлэг цацагдсан. Тухайн яриа нь Төрийн албан тушаалыг багцалж, 60 тэрбум төгрөгөөр арилжих тухай төлөвлөгөө байсныг иргэд санаж байгаа байх. Бичлэг цацагдсан үед ийм яриа болсон гэдгийг Ц.Сандуй өөрөө хүлээн зөвшөөрсөн дүрст видеог мөн хүн бүр санаж байгаа. Гэтэл энэ нь эцэс сүүлдээ “эвлүүлэг” болоод намжсан.
Улмаар УИХ-д МАН ялсан ч Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан билээ. Энэ үеэс МАН-ын нэр бүхий гишүүд тэр дундаа Л.Оюун-Эрдэнэ гишүүн ялагдлын гол шалтгааныг “60 тэрбумын хэрэг” буюу авлига албан тушаалын наймааны тухай яриа байсан гэж үзсэн. Тиймдээ ч тухайн үедээ тэрбээр “Төрийн албыг арилжсан 60 тэрбумынхнаас намаа цэвэрлэхийн төлөө хатуу тэмцэнэ” гэдгээ мэдэгдсэн. Түүний тэмцэл одоо ч үргэлжилж байгаа бололтой.
Тэрбээр “60 тэрбумын хэрэгт холбогдсон УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ыг удирдах ёсзүйн эрхгүй гэж бодож байна. Тиймээс сайн дураараа УИХ-ын даргын бүрэн эрхээсээ түдгэлзэж, 60 тэрбумын хэргээр прокурор, АТГ-ын нэгдсэн дүгнэлт гарсны дараа УИХ-ыг удирдах эрхтэй.” гэсэн байр сууриа саяхан буюу 6 сарын 15-ны өдөр АТГ-д очиж тайлбар өгөх үеэрээ илэрхийлсэн.
Тэрбээр Нээлттэй сонсголын хуулийн дагуу 60 тэрбумын асуудалд холбогдсон нэр бүхий гурван хүн, гэрч, хууль хяналтын байгууллага, шинжээчид олон нийтийн өмнө нээлттэй сонсгол хийх ёстой гэж үзэж байгаа юм.
Улмаар АТГ-т 60 тэрбумын хэргийн асуудлаар зургадугаар сарын 19-ний дотор тайлбар ирүүлэхийг шаардсан албан бичиг хүргүүлсэн. Хариу албан бичигт мөн л уг хэргийг эвлүүлэг гэдгийг дурджээ.
Хариунд: Шинжилгээнд ирүүлсэн бичлэг нь эх хувь биш учраас дуу авианы адилтгал хийх боломжгүй гэж үзэж ирүүлсэн материалуудыг буцаасан. Интернетэд тавигдсан 60 тэрбумтай холбоотой бичлэг нь дуу авианы бичлэгийг дуу, дүрс болгон эвлүүлсэн гэсэн дүгнэлт гаргасан. Мөн УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл АНУ-д хандаж, хөндлөнгийн шинжээч томилуулж хийлгэсэн, шинжилгээгээр гурван хүний яриа гэсэн дүгнэлт гарсан бол гэрч нь таван хүн байсан гэж мэдээлсэн. 1400 төрийн албан хаагчаас гэрчийн мэдүүлэх авахад авлига өгсөн гэж хэн ч хэлээгүй. Төрийн албыг үнэлж, хахууль авах, сонгуулийн мөнгө босгох яриа нь бодит амьдрал дээр хэрэгжээгүй болох нь тогтоогдсон тул тус хэргийг хаасан гэсэн хариуг АТГ-аас өгсөн байна. Яагаад…?
60 ТЭРБУМЫН ХЭРГИЙН ТАЛААР ХЭН ЮУ ХЭЛЖ БАЙВ?
Ерөнхийлөгч Х.Баттулга: Төрийн эсрэг гэмт хэрэг
-Г.Доржзодов гэдэг залуу 60 тэрбум төгрөгтэй холбоотой асуудлыг илчилж 90 минутын бичлэг цацагдсан. Энэ бүхэн Монгол Улсыг ямар байдалтай, АТГ ямар ажиллагаатай гэдгийг харуулж байна. Улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөж ямар нэг байдлаар дарамт шахалт байсан эсэхийг үгүйсгэхгүй. Энэ тал дээр мэдээлэл гаргаж улсынхаа нэр хүндийг аваръя. Авлигатай тэмцэх газрыг байх уу, үгүй юу гэх асуудал яригдаж байна. УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл гадны байгууллагаар нэг орчинд тасралтгүй хийгдсэн бичлэг байна гэдгийг нотлуулсан байгаа. Мэдээж дотоод асуудал руу орохгүй. Хорьж цагдахгүйгээр төрийн хамгаалалтад, албан тушаалаар хамгаалж байгаа хүмүүс мэдүүлэг өгөхгүй. Төрд байгаа энэ эмгэнэлт асуудлыг Авлигатай тэмцэх газрын даргатайгаа Төрийн тэргүүн нь нийлээд хэрхэн илчлэх вэ. Энэ төрийн эсрэг хийсэн гэмт хэрэг. Хүмүүс нь бүгдээрээ хүлээчихсэн. /Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин/
Өдгөө Хуульзүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж: 60 тэрбум бол эвлүүлэг биш ! Эвлүүлэг гэж Нямдоржийн дууг Чаппи дуурайхыг хэлнэ. Сандуй, Энхболд нар өөрсдөө ярихыг эвлүүлэг гэдэггүй юм.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан: 60 тэрбумын бичлэг эвлүүлэг биш
Тухайн үед уг бичлэгийг эвлүүлэг хэмээж байсан МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан энэ нь эвлүүлэг биш гэдгийг хэлсэн. Тэрбээр бичлэгт холбогдсон хүмүүсийн үг болон Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газраас ирүүлсэн мэдээлэлд үндэслэл эвлүүлэг гэж итгэж, мэдээлэл хийж байсандаа уучлалж гуйж байв. Улмаар МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дээр Ц.Сандуй нь эвлүүлэг биш байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэдгийг хэлж байлаа. Тун удалгүй Ц.Сандуй Нийслэлийн МАН-ын дарга, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга гэсэн хоёр албан тушаалаа өгсөн.
“60 тэрбумын хэрэг” хэмээн алдаршсан 90 минутын бичлэгийн талаар “Зуун чухал сэдэв” Г.Доржзодовтой ярилцав.
Д.Үржинбадам
WWW.ZINDAA.MN