Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороололд байрлах эмийн сангийн төмөр хашлага руу унжиж байсан цахилгааны ил утаснаас болж, хүүхэд амиа алдсан хэрэг өчигдөр 20:00 цагийн орчимд гарсан талаар бид мэдээлсэн.
Тодруулбал тус хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дэлгэр төв”-ийн гадаа тоглож явсан есөн настай хүү “Эко шинэс” эмийн сангийн хаалганы төмрөөс барьснаас, тогонд цохиулан амиа алдсан байна.
Энэ хэргийн талаар амиа алдсан есөн настай хүүгийн ар гэрээс тодрууллаа
Талийгаач хүүгийн аав Б.Бямбадорж:
Миний хүү найзуудтайгаа матар барина гэдэг тоглоом тоглож байсан юм билээ. Тэгээд найзуудаасаа зугтаахаар шат руу гүйхдээ эмийн сангийн төмөр хаалгыг хоёр гараараа барьсан юм байна лээ.Хэргийн газар би өөрөө очиж шалгахад эмийн сангийн дээд талын хананд байсан гэрлийн утас шалбарч, масс үүссэн юм болов уу гэсэн дүгнэлт надад төрлөө.Хүүхдийн буруу гэж юу байх вэ. Эмийн сангийн буруу байдаг юм болов уу.
Хүмүүсийн ярьж байгаагаар хоёр, гурав хоног эмийн сангийн хаалга тогтой болчихсон байсан гэж байна лээ. Гэтэл хариуцсан хүмүүс нь яагаад мэдээгүй юм. Надад үнэхээр харамсалтай байна. Нялх үрээ алдчихлаа. Би өмгөөлөгч авна. Задлан шинжилгээний хариу 21 дотор гардаг гэсэн.Миний бодлоор 21 хоногийн дотор амжуулаад хариуг нь гаргах боломж байдаг болов уу гэж бодож байна. 21 хоногийн дотор хариуг нь гаргахгүй бол мөнгөтэй хүмүүс нь мөнгө өгөөд хэргийг нь хэрэгсгүй болгочих вий гээд айж байгаа учраас өмгөөлөгч авна гэсэн бодолтой байна.
Талийгаач хүүгийн ээж Ч.Мөнхсайхан:
Цахилгаан эргэн тойрных нь төмөр хаалганд нь кротик үүсчихсэн байсныг энэ хавийн олон хүмүүс гэрчилж байгаа.Хүний аминд хүрчхээд байхад хариуцсан хүмүүс нь яагаад чимээгүй байгаа юм. Миний хувьд үнэхээр гомдолтой байна.Цаашид хүний амь дахин эндэхийг үгүйсгэхгүй. Энэ явдал зөвхөн манай гэр бүл, миний бяцхан үрээр дуусаасай гэж бодож байна.
Хүүгийн ах Б.Мандалсайхан:
Дүүдээ анхаарал халамж тавьж чадаагүйдээ харамсаж байна. Өчигдөр би дүүдээ цалин буухаар дугуй авч өгнө гээд ярьж байсан юм.
ЦЕГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү“2018 оны зургадугаар сарын 25-ны орой 20:12 цагт 102 тусгай дугаарын утсанд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороонд тогонд цохиулсан байдалтай нас барсан хүүхэд байна гэсэн дуудлага ирсэн.Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсээс жижүүрийн бүрэлдэхүүн очиж хэргийн газрын үзлэг хийгдлээ. Талийгаач нь 9 настай А гэгч эрэгтэй хүүхэд байсан.Одоогоор хэргийг мөрдөн байцааж, үхлийн шалтгаан цахилгаан мөн үү гэх мэт шалгалтын ажиллагаа явагдаж байна” гэв.
2018 он гарснаар хэн нэгний буруутай үйлдлээс болоод долоон хүүхэд гэмтэж, гурван хүүхэд амиа алдлаа. Дахин ийм явдал битгий давтагдаасай.