УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнө Ц.Сандуй, одоогийн УИХ-ын дарга М.Энхболд нарын Төрийн албан тушаалыг үнэлж, 60 тэрбум төгрөг “босгох” тухай ярилцаж буй бичлэг олон нийтэд цацагдсан. Тодруулбал, “Төрийн байгууллагын газрын даргаас дээш сайд хүртэлх албан тушаалыг үнэлэн арилжиж, зөвхөн нийслэлээс л гэхэд 60 тэрбум төгрөг босгох” тухай яриа байв.
“60 тэрбум”-ын талаарх яриа болсон нь үнэн, бичлэг эвлүүлэг биш гэдгийг МАН-ынхнаас хэлж байсан хүмүүс цөөнгүй байгаа. Тухайлбал, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Наадах чинь эвлүүлэг биш. Би шулуухан байя. А.Ганбаатар ярьж, Ц.Сандуй дэмжсэн. Үүний дараа М.Энхболд дарга дээр орж, танилцуулсан. Гурван хүний асуудал байгаа. Энэ бол эвлүүлэг биш” гэдгийг хэлж байсан. Тэгвэл МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дээр Ц.Сандуй нь эвлүүлэг биш байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн” гэдгийг ч хэлж байв.
Анх энэхүү бичлэгийг ил болгосон Г.Доржзодов гэх залуу нь бичлэг эх хувиараа бий гэдгийг одоо ч хэлж байгаа. Гэвч АТГ болон холбогдох хууль хяналтын байгууллагууд “60 тэрбум” эвлүүлэг гээд мэдээлж сууна.
Асуудлын гол нь М.Энхболд гэдэг улс төрч наад захын ёс зүйн хариуцлага хүлээхгүй гүрийж байгааг хувь хүний асуудал гэж бодоод дуугай өнгөрлөө гэхэд хууль хяналтын байгууллагууд нь хувь хүнд зориулан хууль хэрэглэж байгааг бодит жишээнд харчхаад хэрхэн дуугай өнгөрөх вэ?” М.Энхболд гэдэг хүний асуудлыг Х.Энхжаргал хаацайлсныг, Л.Оюун-Эрдэнэ гаргасан нь хүмүүс хоорондын асуудал биш харин Хууль засаглах уу? Хувь хүн захирах уу? гэдэг ардчиллын үнэт зүйлтэй холбоотой тогтолцооны асуудал юм.” гэдгийг УИХ-ын гишүүн Оюун-Эрдэнэ бичсэн нийтлэлдээ дурджээ.
Энэ мэтээр хэсэг бүлэг, хувь хүнд захирагддаг тэдэнд тааруулж дүгнэлт гаргадаг хуулийн байгууллагын гажуудал бий болсон гэдгийг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ бичсэн нийтлэлээрээ ил болгочихлоо. Тэгвэл үүнийг батлах мэт дахиад “60 тэрбум”-ын гэх бичлэгийн олон нийтэд хүрээгүй хэсгүүд ил болоод байна.
А.Ганбаатар: У.Хүрэлсүхийн бүх бодлогыг таслах бодлого хийж байгаа. Энэ академиар дамжаад намын шинэ боловсон хүчин, төр захиргааны боловсон хүчин заавал энэ сургалтаар дамжаад, сертификат аваад энэ сургалтад хамрагдаад гарсан улсуудыг боломжийн боловсон хүчин болчихжээ гэж үзэхээр хэмжээнд аваачъя. Мэргэжлийн ажиглагч, ухуулагч, гэх зэрэг боловсон хүчнийхээ нөөцийг эндээс авах. Ни нуугүй хэлэхэд энэ дотор албан бус фракц гээд байгаа хэдэн хүн бий л дээ. Эднүүсийн дөрөөлөөд байгаа хамгийн хүчтэй хоёрхон л хүн бий. Бид эвийг нь олоод аажуухан унагаах хэрэгтэй. Эсвэл үг сонсдог болгох хэрэгтэй, шууд хэлэхэд ойлгодог болгох хэрэгтэй. Тэгэхлээр бид хөлийг нь таслах хэрэгтэй. Аалз шиг болгомоор байна, ахаа.
Ц.Сандуй: Ирээдүйн боломжоо үнэлье гэж байгаа. Тэгэхлээр бид бүх хүмүүсийн судалгааг авсан. Бүх агентлаг, одоо байгаа агентлаг, яам, тамгын газар, хууль тогтоох, гүйцэтгэх засаглал, орон нутгийн түвшин, бүгдийнх нь албан тушаалыг гаргаад авсан байгаа. Энэ дээр хэн ажиллах вэ. Ямар үнэ өртөгтэй байх вэ гэдэг юмыг л нууцлалд байх ёстой. Тэгээд тэрийг л бид нар “за, чи яг энэ дээр очих юм бол доороо таван хүн олоод удирдаж ажилла. Энэ таван хүнтэйгээ нийт тэдэн төгрөгний санхүүжилт босгож ир” гэдэг ийм нууц даалгаврыг биднүүс өгнө. Энэ бол хоор хоорондоо, тус тусдаа байна гэсэн үг.
М.Энхболд: Хотынхыг бас давхар хийчихсэн байгаа юу.
Ц.Сандуй: Тийн. Хийчихсэн. Бүгд байгаа. Бүх. Дараа нь танд үзүүлчихнэ. Задарна.
Энэ бол бүгд задарна. Энийг бол бид нар танд ойлгомжтой… Тэртэй тэргүй санхүүжилтийн нэг, хоёр, гурав дугаар схем гэж байгаа. Нэгдүгээр схем бол бүх гишүүдийн татвар, хураамж, хоёр дахь нь бол сонгуульд нэр дэвших хүмүүсийн татвар, хураамж, тэр орно. Тэгээд дээр нь бас хандивтай. Сонгуулийн үед ашиг сонирхолтой байгаа компаниудын хандив гэсэн ийм схемийг босгож ирсэн байхгүй юу. За ингээд бүгд задарчихаж байгаа юм. 46 мянган гишүүн байгаа гэж тооцоод л. Сонгуультны хураамж ийм ийм юмнаас ингэж ингэж бид нар авдаг гэсэн юмаа ингээд тавьсан байгаа. УИХ-д нэр дэвшигч нь биднүүс зуун сая гээд тавьчихсан, НИТХ-д тавь /сая/, дүүрэгт гуч /сая/, хороо болон засаг дарга бол арав /сая/ гээд ингээд задлаад л. Тэгээд томилогдох албан тушаал гээд л, одоо сонгогдох биш албан тушаал гээд бүгдийг нь гаргачихсан. Бүх хүнээр нь гаргаад… Тэгэхдээ бид нар бол байгууллага дээр бол доод тал нь хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн хүртэл яасан, тэрнээс мэргэжилтнүүдийг бол оруулаагүй. Ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, тэгээд санхүүгийн эрхтэй, дарга, дэд дарга гэсэн ийм үндсэн хүмүүсийг үнэлээд л. Тэгээд л ерөөсөө эртхэнээс хүмүүсээ байршуулаад л тодорхой. Одоо Ардчилсан намынх ч гэсэн тодорхой байсан шд. Баахан анкет өгчихсөн тэрийгээ ингээд харж байгаад л ажилд томилоод байсан шиг л. Бид нар мэдээж, бид нар бүгдийг нь солино шдэ. Тэр үедээ л хүмүүсээ бүгдийг нь ажил төрөлтэй болгоё гэсэн санаа.
А.Ганбаатар: Ардчилсан намын нэг алдсан юм байгаа.Боломжоо өөрсдөө зарчихсан байхгүй юу эднүүс. Энийгээ хийчихсэн аль эрт. Тэгээд хийгээд мөнгөө авангуутаа ганцхан юман дээр алдчихсан байхгүй юу. Юу вэ гэвэл, чадварлаг боловсон хүчин биш мөнгө өгсөн болгоныг нь аваад одоо бүгд унаж байгаа байхгүй юу. Бид яах ёстой вэ гэвэл, жишээлбэл, хэрэг эрхлэх газрын дарга гэж байна, доор нь одоо хэдэн хүн байна. За ингээд тоотойгоо задарчихсан, гарчихсан. Авах хүмүүс, хувь хүмүүс гээд. За жишээ нь, хууль эрх зүйн хэлтэс гэхэд чинь дарга нь байна, тээ, ард нь хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн гээд тэгэхэд энэ энэнтэй биднүүс харьцана. Бүгдийг нь ингээд, хараа, тойргийн системээр.
Ц.Сандуй: Одоо энэ гурван хүнийхээ юмыг л одоо төвлөрүүлнэ.
А.Ганбаатар: Тэгэхлээр одоо яах вэ гэвэл. Энэ хүн дээр л биднүүс ганцхан мөнгө хэлнэ “чи энийг л аваад ир” тиймээ. Тэгэхдээ энэ гурван хүнийхээ анкетыг нам руу заавал өгнө шүү. Түүнээс биш мөнгө өгсөн хүн болгоныг дэвшүүлэхгүй. Боломж бол байгаа юм байна. Гэхдээ анкет өгөөдөх. Дараа нь энэ ажлыг хийж чадах юм уу үгүй юу. Яагаад гэвэл, Засгийн газар, намын явж байгаа үйл ажиллагаа, улс төрийн ажил гэдэг бол өөрөө боловсон хүчингүй бол биднүүс үйл ажиллагаан дээр унаад эхлэх байхгүй юу. Сая Э.Бат-Үүлийн унаж байгаа, Ардчилсан намын унаж байгаа юм бол энэ байхгүй юу. Бид энийг одоо сайжруулаад чадвартай боловсон хүчнээс мөнгийг нь аваад, чадвартай улсуудыг нь тавиад явуулчих хэрэгтэй.
М.Энхболд: өөр ярих юм юу байна.
Ц.Сандуй: За одоо хамгийн сүүлчийн юмаа яриад дууслаа даргаа, одоохон. Энэ бол гадаадаас мөнгө босгох. Гадны бусад нам,гадаадын хөрөнгө оруулагчидтай одоо яг. Танай нам гарах юм бол бидэнд ийм юм одоо, тухайлбал Таван толгойн тэд ч гэдэг юм уу, бүр тийм юмнууд байдаг шд, тээ. Тийм юмнуудыг тусад нь гадаадад мөнгө угаах маягаар санхүүжилт босгоё гэсэн юм бас байгаа. Энийг бол бид өөрсдөө дараа нь жич ярилцъя гэж бодож байгаа.
Ийм бичлэгүүд байсаар байтал АТГ удаа дараа нотлогдоогүй гэж мэдээлсээр байх уу? Хамгийн харамсалтай нь манай хууль хяналтын байгууллагуудаар нотлогдоогүй гэх хэргийг гадны нөлөө бүхий хэвлэл “WASHINGTON POST” дэлхий нийтэд цацчихлаа. Тэд илрүүлчихээд байна гэсэн үг. Эх хувь уу хөдөлшгүй баримт уу тэдэнд байна!!!
“60 тэрбум”-ын олон нийтэд хүрээгүй бичлэгүүд ч байсаар байна…