Өнгөрсөн амралтын өдөр буюу зургадугаар сарын 30-ны өдрийн 21:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 9 настай “Т” гэх охин тогтой утсанд хүрч гэмтэл авсан хэрэг болжээ. Одоогоор Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд хэвтэн эмчлүүлж байгаа юм байна.
Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн албаны мэргэжилтэн М.Мөнхшүр ”Энэ хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байна. Урьдчилсан байдлаар “охин гэр бүлийнхэнтэйгээ явж байсан, гэнэт ганцаараа гүйж цахилгаан үүссэн шалбархай утсанд хүрч унасан” гэдэг ерөнхий дүгнэлт гаргаад байна.Охины биеийн байдал анх хүргэгдэж ирснээсээ сайжирсан ч цаашид ямар сөрөг өөрчлөлт гарч ирэхийг тогтоогоогүй байна.Хэргийн газрыг шинжлэх, мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа. Шинжээчийн албан ёсны дүгнэлт гараагүй” гэсэн мэдээллийг өглөө.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хэвлэл мэдээллийн ажилтан С.Отгонсүрэн”Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ээжийн хамт явж байсан охин тойрог зам дагуу байрлалтай гэрлийн шонд хүрэхэд цахилгаан гүйдэл гүйж ухаан алдаж унасан. Тухайн үед түүгээр явж байсан иргэн анхны тусламж үзүүлж, Greenbike дугуйн үйлчилгээний ажилтан, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн харуулын ажилтнууд мэдээллийг шуурхай дамжуулж түргэн тусламж дуудсан.Инженерүүд цахилгааны хэмжилт хийхэд 110 вольт зааж байсан. Гэрлийн шонд ил харагдах утас, шалбархай байгаагүй.Охины биеийн байдал хэвийн байгаа. Бид ээжтэй нь утсаар холбогдож, очиж уулзсан. Цаашид аюулгүй байдлыг хангах чиглэлээр сайтар анхаарч, шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллах болно” гэлээ.