УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “60 тэрбум”-ын асуудлаар АТГ-ын дүгнэлтийг олон нийтэд танилцуулж, нээлттэй сонсгол зохион байгуулахаар гарын үсэг цуглуулж УИХ-ын 19 гишүүн дэмжлэгийг авсан. Иймд өнгөрсөн сарын 28-ны өдөр УИХ-ын дарга М.Энхболдод нийгэмд дуулиан тарьсан “60 тэрбум”-ын гэх хэрэг хэрхэн шийдэгдсэн талаарх асуудлаар нээлттэй сонсголыг УИХ-ын хаврын чуулган хаахаас өмнө зохион байгуулахыг шаардсан УИХ-ын 19 гишүүний гарын үсэгтэй албан бичгийг хүргүүлсэн юм.
“Нийтийн сонсголын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасны дагуу “УИХ-ын гишүүдийн дөрөвний нэг нь гарын үсэг зурсан тохиолдолд нээлттэй сонсгол явуулах эрхтэй” болдог юм.
Гэвч өнөөдрийг хүртэл тодорхой шалтгаангүйгээр хойшлогдсоор байна. Иймд 60 тэрбумын хэргийг олон нийтэд ил болгох хүсэлтэй гишүүд Тагнуулын Ерөнхий Газарт хандсан. Мөн “60 тэрбум”-ын асуудлаар нээлттэй сонсголыг зохион байгуулах товыг яаралтай тогтоохыг шаардсан албан бичгийг УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдэд энэ сарын 3-ны өдөр хүргүүлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр “60 тэрбум”-ын асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулахыг дэмжсэн УИХ-ын 19 гишүүд дээр хэд, хэдэн гишүүд нэмэгдсэн байна. Тэд нээлттэй сонсголыг зохион байгуулах товыг нэн яаралтай зарлахгүй бол УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлахаар ажиллаж байгаа гэнэ.
Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 16. 2-д заасны дагуу Ээлжит бус чуулганыг нийт гишүүний гуравны нэгээс дээшхийн шаардсанаар, эсхүл Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын даргын санаачилгаар хуралдуулах боломжтой юм.
Иймд 60 тэрбумынхан гарах гарцгүй. болсоор байгаа бололтой АТГ-ын хариултад огт үнэмшихгүй байгаа иргэдийн өмнө төрийн албыг наймаалцсан уг хэрэг үнэн шударгаар шүүгдэхээс өөр сонголтгүй болж байна.
Г.Нараа