“National Geographic” сэтгүүлээс зарласан гэрэл зургийн уралдааны шилдэг арван гэрэл зураг тодорчээ. Ойролцоогоор тус шалгаруулалтад 13 мянган гэрэл зураг дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн аж. Бүх ангиллаас шалгарсан шилдгийн шилдэг зургийг 10 мянган ам.долларын шагнал дагалддаг нь энэхүү уралдааныг нэр хүндтэй болгосон билээ.
Тус уралдааны оны шилдэг гэрэл зургаар Монгол охины хөрөг шалгарчээ. Энэхүү гэрэл зургийг Зургийг Алессандра Мениконзи (Alessandra Meniconzi) авчээ.
Гэрэл зурагчин Алессандра Мениконзи “Би удаан хугацааны турш монголчуудын бүргэд агнадаг уламжлалт аргыг биширч ирсэн. 2018 оны гуравдугаар сард бүргэдийн анчин нэгэн гэр бүлийг нүүдэллэж байхтай нь таарсан юм. Тэд өвөлжөөнөөс хаваржаа руугаа нүүж байсан билээ.
Монгол Улс маш сийрэг хүн амтай мөн маш найрсаг, уриалагхан хүмүүс юм. Казах соёлд зочин хүлээж авах уламжлал нь тун элэгсэг. Цай бол зөвхөн уух зүйл биш. Харин өв соёл, тайвшрал, ёслолыг илэрхийлдэг юм.Монголын хүйтэн өвөл Дамел охин үстэй дээл өмсөж, дулаацахын тулд аяга цай ууж байна” гэж хэлжээ.