Монгол Улсын харьяат таван эмэгтэй Хонконгт энэ оны гуравдугаар сарын сүүлээр хулгайн хэргээр баривчлагдсан. Тэдгээр эмэгтэйүүд Олон улсын үзэсгэлэнгээс алт мөнгөн эдлэл, эрдэнийн чулуу, очир эрдэнэ хулгайлсан хэрэгт буруутгагдсан байна. Энэ хэргийн талаар Гадаад харилцааны яамны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтэсийн дарга Д.Энхтайванаас тодрууллаа.
– Хонконгт Монгол Улсын таван эмэгтэй хулгайн хэрэгт буруутгагдан шалгагдаж байгаа. Дээрх иргэдэд анхаарал хэрхэн хандуулж байгаа вэ?
-Олон улсын үзэсгэлэнгээс үнэт эдлэл хулгайлсан хэргээр манай улсын эмэгтэйчүүд шалгагдаж байгаа. Тэднийг Элчин сайдын яамаар дамжуулан ар гэрийнхэнтэй нь уулзуулахаас гадна хууль эрх зүйн дэмжлэг үзүүлж байгаа. Мөн эмэгтэйчүүдэд өмгөөлөл авах болон бусад дэмжлэгийг Элчин сайдын яамнаас өгч байна.
-Дээрх хэрэг ямар шатанд явж байгаа вэ?
-Хэрэг шүүхэд шилжсэн. Шүүх хурал өмнө нь хоёр удаа болох байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшилсон. Энэ сарын 4-нд шүүх хурал товлогдсон.
–Хэрэгт холбогдсон эмэгтэйчүүд хоригдож байгаа юу. Хэдэн настай эмэгтэйчүүд вэ?
-Хоригдож байгаа. Ямар хүмүүс байсан талаар хэлэхгүй. Ар гэрийнхэн нь олон нийтэд мэдээлэл өгөхгүй байх хүсэлтэй байгаа. Тийм учраас үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй байна.
эх сурвалж: Т.АМАРТҮВШИН ipost.mn