Дэлхийн хоёр дахь ноён оргил болох К2 /8611 м/ ууланд амжилттай авиралт хийсэн Монгол Улсын Гавьяат Тамирчин Б.Гангаамаа үндсэн отог дээр эсэн мэнд бууж ирсэн, түүний биеийн байдал сайн байгаа гэж уг авиралтыг зохион байгуулагч Пакистаны АТР компанийн гүйцэтгэх захирал ноён Найкнам Карим (Naiknam Karim) утсаар мэдэгджээ.
Ийнхүү Б.Гангаамаа нь дэлхийн хоёр дахь ноён оргил болох К2 уулын оргилд хөл тавьсан анхны Монгол хүн боллоо. Монголын шилдэг уулчдын К2 оргилд хүрэх гэсэн гурав дахь оролдлого ийнхүү амжилттай болж түүхэн амжилт бүтээлээ.
К2 уулын оргилд долдугаар сарын 21-нд манай уулчинтай хамт нийт 31 уулчин хамт гарсан байна. Эдгээр улс орны уулчдаас Монголын анхны уулчин төдийгүй анхны эмэгтэй уулчин Б.Гангаамаа нь анх удаа К2 уулын оргилд амжилттай гарлаа гэж Пакистаны сонинд хэвлэлд дурьдсан байна.
К2 нь хамгийн аюултай уулын нэгэнд тооцогддог бөгөөд Италийн уулчид Ахиль Компаноьори (Achille Compagnoni) ба Лино Ласедели (Lino Lacedelli) нар анх 1954 онд K2 уулын оргилд хөл тавьснаас хойш 337 уулчин тус оргилд гараад байна гэсэн бүртгэл байдаг бөгөөд энэ хугацаанд 84 уулчин авиралт хийж байгаад амь насаа алдаж байжээ.