АТГ:Авлига албан тушаалын хэрэг алга урвуулахын хооронд хурдан шалгагдаад шийдэгддэггүй

Авлигатай тэмцэх газраас сар бүрийн ээлжит хэвлэлийн хурал хийлээ. Уг хуралд АТГ-ын тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог, нар оролцож, 2018 оны долдугаар сард хийсэн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог, АТГ-ын тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням нар сүүлийн үед олны анхаарал татсан хэргийн талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

– Оюутолгойн хэргийн хяналт шалгалтын явцыг танилцуулна уу?

– Монгол улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан хоёр хүнийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Одоогоор тэднийг хязгаарлалт тогтоон шалгаж байгаа. Хязгаарлалтын хүрээнд хилээр нэвтрэхийг хориглосон. Яллагдагчийн хүсэлтийн дагуу С.Баярыг АТГ-ын дарга хүлээн авч уулзсан. Үүнд хууль зөрчсөн зүйл байхгүй. Яллагдагч нар АТГ-ын удирдлагатай уулзах эрхтэй. Үүнд тухайн хүний ямар ажил албан тушаал хашиж байсан нь хамаарахгүй.

– Ерөнхий сайдын туслах байсан, одоо МИАТ компанийн дэд захирал Н.Энхбаатарыг саатуулан шалгаж байгаа гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугаад байгаа 600 төгрөгийн авлига авсан, үйлдэл дээрээ баригдсан гэх асуудал байхгүй.МИАТ компанийн дэд захирлыг авлига албан тушаалын гэмт хэрэгтэй холбогдуулан мөрдөн шалгах шаардлага гарч өчигдөр баривчилсан.Үргэлжлүүлэн хорих эсэхийг өнөөдөр шүүх шийдвэрлэнэ.Хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байгаа учраас өөр мэдээлэл өгөх боломжгүй Авлигатай тэмцэх газар бүх үйл ажиллагаагаа прокурор байгууллагын олгосон зөвшөөрлийн хүрээнд явуулдаг. Бид санаачлагаараа шууд ямар нэгэн хэргийг тогтоогоод зөвшөөрөлгүйгээр шалгадаггүй.

– Олон нийтийн анхаарлын төвд байгаа хэргүүдийг шалгаж байна гэж байгаад хэрэгсэхгүй болгож байна. Үүний нэг жишээ нь 60 тэрбумын хэрэг. Энэ талаар тайлбар өгөөч?

– 60 тэрбумын хэргээр нээлттэй сонсгол явуулах хүртэл нөхцөл үүсээд явж байгаа. Би өмнө нь энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл хэд хэдэн удаа өгсөн.Прокурорын байгууллагаас энэ хэргийн талаар тодруулах нь илүү зөв байх.Мөн Эрдэнэтийн 49 хувийг ямар хөрөнгийн эх үүсвэрээр худалдан авсан тухай хэргийг Цагдаагийн байгууллагатай хамтран ажлын хэсэг байгуулан шалгаж байгаа.Томоохон хэргүүд замхраад байна гэх шүүмжлэл их ирж байгаа. Авлига албан тушаалын хэрэг алга урвуулахын хооронд хурдан шалгагдаад шийдэгддэггүй.

– АТГ-ын шалгаж байгаа хэргүүд улс төрийн нөхцөл байдалтай уялдаад байдаг нь ямар учиртай юм бэ?

– Шалгагдаж байгаа хэргүүд улс төрийн өнгө аястай холбоогүй гэдгийг албан ёсоор хэлье. Нийгмээс бидэнд хүлээлт их байгааг мэдэж байгаа ч мөрдөн байцаагчдын орон тоо цөөн, нэг байцаагчид ногдох хэргийн тоо олон байгааг хэлмээр байна. Бид боломжоороо хэргүүдийг хурдан шалгахыг зорьж ажиллаж байгаа.

– АТГ С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарыг хоёр сар орчим хорьсон. Энэ хугацаанд тус бүр хэдэн удаа байцаасан бэ?

– Хуулийн хүрээнд хорьж байцаасан. Хорих хугацаандаа хуулийн хүрээнд авах ёстой арга хэмжээ, үйл ажиллагааг явуулсан. Үүнээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …