“Эрдэнэс Тавантолгой” компаниас 2018 оны хагас жилийн үйл ажиллагааныхаа тайланг танилцууллаа.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Б.Ганхуяг” “Эрдэнэс Тавантолгой” компани улсын төсөвт 2018 оны эхний хагас жилийн байдлаар 216.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байна. 2017 онд улсын төсөвт 253.3 тэрбум төгрөг төвлөрүүлснээр ТОП 100 аж ахуйн нэгжийн хоёрдугаарт бичигдсэн бол энэ мөнгөний 90 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг өнөөдрийн байдлаар улсын төсөвд төвлөрүүлээд байна.
Хагас жилийн байдлаар 373.3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаад байгаа нь төлөвлөгөөгөө 110 хувь биелүүлээд явж байна. Үүнд нөлөөлсөн зүйл нь зөвхөн нүүрсний үнэ юм байна.
Тодруулбал,”Чалкогийн гэрээний хүрээн дэх үнийн дөрвөн аргачлалыг 2018 он хүртэл хэрэглэсэн. Харин энэ жил тав дахь индексийг гэрээнд оруулсан. Энэ хүрээнд суурь үнийн бодлогын зохицуулалтыг бий болгож чадсан. Суурь үнийг 61 ам.доллараар тогтоосон. Ингэснээр түүхий эдийн үнийн хэлбэлзэл, эдийн засгийн ямар ч нөхцөл байдалд нүүрсний үнэ 61 ам.доллараас буухгүй. Харин дэлхийн зах зээл дэх үнэ өсвөл тухайн өсөлтөд уялдуулж нэмнэ.
Баруун Цанхиас олборлож буй нүүрсний үнийг нээлттэй сонгон шалгаруулалтаар тогтоодог. 2018 онд 70-аас дээш ам.доллар болгон тогтоосон. Ингэснээр 12 сая ам.доллар буюу 30 тэрбум төгрөгийн зөрүү гарсан нь цэвэр ашигт нөлөөлсөн.
Ажилчдын цалин хангамжид анхаарч байгаа. Компанийн ажилчдын дундаж цалин олон жил нэмэгдээгүй байсан.Цалинг энэ оны эхний хагас жилд хоёр удаагийн зохион байгуулалтаар 21 хувиар нэмсэн. Гүйцэтгэх захирал миний хувьд уурхайчидтайгаа адил хэмжээний цалин авдаг. Бүх татвараа хасаад би гар дээрээ сард 3.2 сая төгрөгийн цалин авдаг. Надаас дээш цалин авдаг 10 гаруй уурхайчин бий. Тэгж байж дэлхийд өрсөлдөх Монгол уурхайчдыг бий болгоно.
1072 хувьцаа мэдээллийн төв нээгдсэнээс хойш 393 иргэнд хувьцааны бүртгэлийн дансыг нээж өгсөн байна.Монгол Улсын 2 сая 511 мянган иргэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцаа эзэмших эрхтэй.
Үүнээс 623,000 нь л эрхээ нээлгэсэн байгаа нь хангалтгүй байна. Энэ тоог 800,000-аас нэг саяд хүргэж байж хувьцаа амь орох үндэс болно.Иймд өнөөдрөөс эхлэн улсын хэмжээнд иргэдийн хувьцаа эзэмших эрхийг баталгаажуулах ажлыг эрчимжүүлж байгаа албан ёсоор мэдэгдэж байна” гэв.