Налайх дүүргийн Сайн Номуун Хийд, жил бүр сүсэгтэн олонд зориулж “Бумбаны их тахилга”-г зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн “Бумбаны их тахилга” 08 дугаар сарын 10-12 өдрүүдэд болох гэж байгаатай холбогдуулан тус хийдийн Хамба Лам доктор С. Нэргүйтэй ярилцлаа.
-“Сайн Номуун “ хийдээс сүсэгтэн олонд зориулж, жил бүр “Бумбаны их тахилга” зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд хэд дэх жилдээ зохион байгуулж байгаа бэ? Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Сайн Номуун Хийдээс “Бумбаны Их Тахилга”-г зургаа дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Жил бүрийн Бумбаны тахилгаар бид нийтдээ үндсэн зургаан төрлийн бурхдын бумбыг ёсчлон тахидаг уламжлалтай. Энэ жилийн хувьд мөн ялгаагүй урьд урьдны жилд тахиж ирсэн ёс заншлынхаа дагуу 3 хоногийн турш тахилга үйлдэнэ. Сүүлийн үед олон төрлийн бурхдын Бумбыг гэр орондоо залж тахиж шүтдэг айл өрх, хувь хүмүүс элбэг болсон төдийгүй уламжлалт ёс заншил, шашин соёлоо эрхэмлэн дээдэлдэг хүмүүсийн гэр оронд бурхдын Бумба байх нь хэвийн үзэгдэл болсон байна. Тийм учраас “Сайн Номуун” хийдээс зохион байгуулж байгаа, Бумбаны тахилгын гол зорилго нь бол олон төрлийн бурхдын Бумбыг гэр орондоо залж, тахиж шүтэж байгаа олон түмэнд Бумбаны талаар зөв мэдлэг мэдэгдэхүүн өгөх утга учир түүний мөн чанарыг нь тайлбарлан таниулах зорилгыг агуулж байгаа ашгийн бус шашин соёлын арга хэмжээ болж байгаагаараа онцлогтой юм.
3 хоногийн турш Гонгор, Намсрай, Замбала, Дарь эх, Лус болон Эдийн Бумбаны их тахилгын уншлагыг үйлдэнэ
– Бумбаны тахилгаар ямар бурхадын бумбыг голчлон тахидаг вэ? Энэ хугацаанд ямар зан үйлүүдийг хийдэг вэ, тэдгээрийн онцлог?
-Нийтдээ 3 хоногийн турш Гонгор, Намсрай, Замбала, Дарь эх, Лус болон Эдийн Бумбаны их тахилгын уншлагыг үйлдэнэ. Сайн Номуун Хийд дээрх олон төрлийн бурхдын бумбыг нэг дор нэгтгэн тахиж байгаараа бусад газар оронд үйлдэж байгаа тахилгаас онцлог ялгаатай юм.
Бурхад бүхэн өөр өөрсдийн бүтээлийн бумба, уншлага тарни номтой байдаг. Тэгвэл хүн төрөлхтний эд баялаг, ахуй шүтээн, ажил үйлс, цог золбоо, мөр замыг бататган дэлгэрүүлж, үгүйрэл хоосрол бүхний гэмийг амирлуулж байх үүднээс дээрх бурхдын бумбыг шүтэж тахиж ирсэн уламжлалтай.
Тухайлбал Намсрай бурхныг эрх баялгийн их хаан гэж үздэг. Энэ нь бурхны шашны арван их догшид сахиусны нэг бөгөөд эд эдлэл, эрх баялгийг түгээн дэлгэрүүлж, үгүйрэл хоосролын гэмт үйлүүдийг амилуулж байх ам тангарагтай учраас Намсрайн бумбыг ёсчлон бүтээж тахиж шүтдэг.
Гонгор бурхан бол бас бурхны шашныг сахин хамгаалсан арван их сахиус бурхдын нэг. Үүний бүтээлийн бумбыг ихэвчлэн арван цагаан хишиг буян зөнгөөрөө ундран дэлгэрч, хэмжээлшгүй буяны садан сайн үйлс бүхэнтэй учирч, удам угсаа үр хойч үеэрээ хишиг буян нь хуурайлан дэлгэрч залгамжлагдаж байх үүднээс шүтэж тахидаг.
Мөн Замбала бурханы Бумба гэж бий. Энэ бурхан нь эрхэм хүмүүний эд баялаг, мөнгөн сан хөмрөгийг арвижуулах үүднээс ам авсан их шүтээн. Гол төлөв олны сайн сайхны тусын тулд бие, сэтгэлээ зориулж ариун цагаан ажил хөдөлмөр, бизнес эрхэлж буй эрхэм хүн бүрийн ашиг орлого, мөнгөн сан хөмрөгийг арвижуулж гарлагагүй байх, үгүйрлийн үүдийг хаах үүднээс Замбала бурхны бумбыг бүтээн залж тахидаг ёстой.
Дарь Эхийн бумба бол Ногоон Цагаан Дарь Эх бурхадын үүднээс бүтээдэг бумба бөгөөд ихэвчлэн өндөр настан, эхчүүд, эмэгтэйчүүд, хүүхэд багачуудын сайн сайханы төлөө тэдгээрийн насан хутаг батжин дэлгэрч хишиг буян нь арвидан дэлгэрч байх үүднээс Дарь Эхийн бумбыг бүтээн залж тахидаг.
Үүний дараа Лусын Бумба гэж бий. Лусын эрхэт Хаан Лүйванжалбу хэмээх бурханы өмнөөс урин залж бүтээл хийдэг. Энэ Бумбыг ихэвчлэн лус, савдаг газар орны эзэд, уул овоо хангайд өргөх буюу газар орны эздийг баясгах зорилгоор, мөн догшин газар усны хорлолыг амирлуулах үүднээс бүтээн залж тахидаг.
Дараагаар нь Эдийн Бумба, Энэ бол Норжинма хэмээх бурханы өмнөөс бүтээл хийн урин залж тахидаг. Гол төлөв цаг бусийн үгүйрэл хоосролын гэм бүхнийг амирлуулж, эд баялаг, эрхэм бүхэн хуурайлах үүднээс дээрх бурхдын Бумбаны нэгэн адил тахиж шүтдэг. Эдгээр бурхдын Бумбыг ёсчлон тахина гэсэн үг.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу