Ардчилсан оюутны холбооноос өнөөдөр сургалтын төлбөрийн нэмэгдлийн талаар хэвлэлийн хурал хийлээ.
Ардчилсан оюутны холбооны ерөнхийлөгч Н.Лхагвадорж ”Монголын 155 мянга гаруй оюутны эрх ашиг найман зүйлээр зөрчигдөж байна. 2017-2018 оны хооронд нийт 96 их дээд сургуульд 155 мянга 248 оюутан суралцсан юм.
Оюутнуудын эрх ашгийг зөрчиж буй найман асуудлыг хөндөж байна. Жил ирэх тусам их дээд сургуулийн сургалтын төлбөр, нэг кредитийн үнэ нэмэгддэг. Тухайлбал, 2018-2019 оны хичээлийн жилд МУИС-ын нэг кредит 11900-19200 төгрөгөөр нэмэгдсэн нь тухайн оюутан жилд 30-40 кредит судалдаг байлаа гэж бодоход 300-400 мянган төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн үг юм.
ШУТИС-ийн нэг кредит 2017 онд 66 мянга 250 төгрөг байсан бол энэ хичээлийн жилд нэг кредит нь 76900-78900 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Мөн энэ хичээлийн жилд их дээд сургуулийн төлбөр нэг кредит 2.2 саяас 2.3 сая төгрөг болтлоо өсчээ. Сургалтын төлбөрийг дагаад их, дээд сургуулиудын сургалтын орчин, багш ажилчдын чадвар яригдах ёстой. Үүнд боловсролын сайд анхаарал хандуулж, сургалтын төлбөрийг нэмэхгүй байх талаас нь анхаараасай гэж хүсч байна.
Сургалтын төлбөрийг дагаад оюутны дотуур байрны төлбөр нэмэгддэг. Жилд 15 мянган оюутан дотуур байранд орох хүсэлтэй байдаг боловч тэдний цөөн хэсэг нь дотуур байранд хамрагддаг юм. Тиймээс бид өнөөдрөөс эхлээд бүх их дээд сургуулийн захиргаанд сургалтын төлбөрийг үндэслэлгүй нэмсэн асуудлыг эсэргүүцэж албан бичиг хүргүүлнэ. Хэрэв хариу өгөхгүй бол сургууль болгоны удирдлагуудад оюутны эрх ашгийг хамгаалах байгууллага байдаг юм шүү гэдгийг харуулна” гэв.