УИХ-ын гишүүн Д.Ганбат: Сэтгэл байхад нэг тэрбумтай, тэрбумгүй бүтээн байгуулалт хийж болно

15abc355e94dc1c1big– Оюутолгойн шинээр томилогдсон ТУЗ-ийнхөнг Лондонг зорихын өмнөхөн би асуулга тавьж байсан. Entrée Gold  компани Оюутолгойн бүлэг ордын нэг хэсгийн тусгай зөвшөөрлийг авчихсан. Тэгэхээр монгол улс эзэмшлийн 34 хувьдаа хүрэхгүй байгаа асуудлыг би албан ёсоор хэлсэн. Миний асуулгын дагуу манай Оюутолгойн ТУЗ-ийнхөн цааш нь тавиад, энэ асуудал их нааштайгаар шийдэгдсэн. Яг миний хэлээд байснаар монгол улсын эзэмших 34 хувьд хүрэхгүй байсан тул Entrée Gold  компанийн тусгай зөвшөөрлийг Оюутолгой компанид шилжүүлж авах, 34 хувийг монголын талд баталгаажуулах талаар зарчмын шийдэлд хүрсэн байна лээ. Энэ зарчмын шийдлийн үр дүнгээр Монголын талын ногдол ашиг ойролцоогоор 1,4 тэрбум доллараар нэмэгдэх юм.

– УИХ-ын намрын чуулган эхэллээ. Та ерөнхий сайд Н.Алтанхуягт уул, уурхай дахь гадаадын хөрөнгө оруулалт болон Оюу Толгой”-н ордын талаар асуулга хүргүүлсэн байгаа. Энэ талаар тодруулбал?
– Тийм ээ. Миний бие ерөнхий сайдад уул, уурхай дахь гадаадын хөрөнгө оруулалт болон Оюу толгойн ордын талаар асуулга тавьсан. Зургаан асуудлаар асуулга тавьж, хариугаа бичгээр ирүүлэн, УИХ-ын нэгдсэн чуулганаар сонсгохыг хүссэн юм. Асуулгын ерөнхий агуулга бол  Оюу толгойн анхны хөрөнгө оруулалтын зардал хэд болсон, гэрээгээ барьж чадсан уу, хэдий болтол өрөндөө нүүрсээ хямд өгсөөр байх вэ, зардлыг хэзээ нөхөж дуусах зэрэг асуудлыг тусгасан. Эдгээрийг тайлагнах хэрэгтэй л дээ. Эцсийн эцэст энэ олон жил яригдаж байгаа Оюутолгойн гэрээний үр ашгийг монголын ард түмэн хэзээ хүртэж эхлэх юм, буу тулгуулж суугаад хийсэн юм шиг энэ гэрээ монголын талд хэр ашигтай юм гээд олон асуудал байна шүү дээ.
– Буу тулгуулж байгаад хийсэн юм шиг гэрээ гэлээ. Та Оюутолгойн гэрээнд нэлээд сэтгэл дундуур байдаг юм шив?
– Монголын ард түмэн энэ гэрээг хийсэн нь хэдий сайн хэрэг боловч үнэхээр олон хүний хэлдгээр буу тулгуулж байгаад хийсэн юм шиг л гэрээ болсон. Бид гадны хөрөнгө оруулагчдыг өөлөхөөсөө илүүтэйгээр монголын төрийг төлөөлөөд, монгол улсаас цалинждаг хүмүүстэйгээ хариуцлага тооцдог байх хэрэгтэй.  Үүнээс гадна өмнөх ТУЗ-ийн гишүүд ажиллаж байсан хугацааныхаа талаар дурсамж бичнэ гэж яригдаж байна. Бид үүнийг нь албан ёсоор сонсох хэрэгтэй. Нэгээхэн хугацаанд тэр тогоонд байсан хүмүүс зөв зүйтэй санал, бодлогын чанартай зүйл хэлнэ биз дээ. Буу тулгуулсан гэх утгын ард хахууль авсан хэрэг л байгаа гэж ойлгож байна. Хүний мууг үзэх гээд байгаа юм биш. Гэхдээ засгийн газар монголын төрийг төлөөлөн ажилласан тэр хүмүүсийнхээ ажлыг дүгнэх, хариуцлага тооцох эрхтэй. Яагаад монголын баялагийг анхнаасаа гарын салаагаар урсгах мэтээр тийм сул гэрээ байгуулсан юм бэ гэдэг дээр хаа хаанаа ажиллах, хянах нь зүйтэй болов уу л гэх үүднээс санал асуулгаа явуулсан.
Таны санал асуулгын үр дүн гарах болов уу?
-Асуулгын үр дүн эхнээсээ гарч байгаа гэж ойлгож байна. Оюутолгойн шинээр томилогдсон ТУЗ-ийнхөнг Лондонг зорихын өмнөхөн би асуулга тавьж байсан. Entrée Gold  компани Оюутолгойн бүлэг ордын нэг хэсгийн тусгай зөвшөөрлийг  авчихсан. Тэгэхээр монгол улс эзэмшлийн 34 хувьдаа хүрэхгүй байгаа асуудлыг би албан ёсоор хэлсэн. Миний асуулгын дагуу манай Оюутолгойн ТУЗ-ийнхөн цааш нь тавиад,  энэ асуудал их нааштайгаар шийдэгдсэн. Яг миний хэлээд байснаар монгол улсын эзэмших 34 хувьд хүрэхгүй байсан тул Entrée Gold  компанийн тусгай зөвшөөрлийг Оюутолгой компанид шилжүүлж авах, 34 хувийг монголын талд баталгаажуулах талаар зарчмын шийдэлд хүрсэн байна лээ. Энэ зарчмын шийдлийн үр дүнгээр Монголын талын ногдол ашиг ойролцоогоор  1,4 тэрбум доллараар нэмэгдэх юм.   Энэ мэтээр монголын ард түмэн Оюутолгойн асуудлыг нааштайгаар шийдүүлж эхлэх болов уу гэж найдаж байна.
– Их том асуудал зарчмын шийдэлд хүргүүлж чадах суурийг нь тавьсан байна.Та ер нь сүүлийн үед гадаадын хөрөнгө оруулагчдыг алгаа тосоод хүлээгээд авах хэрэгтэй гэж яриад байгаа? Эргээд тэдэнтэй хариуцлагын тогтолцоог бий болгох тал дээр манай улс хэт сулхан хандаад байгаа юм биш үү?  
– Дэлхийн аль ч улс оронд гадаадын хөрөнгө оруулагчдыг алгаа тосоод л хүлээж авдаг. Яагаад гэхээр тэд чинь ард түмний нуруун дээр бонд, татвар маягаар буудаггүй. Ажлын байр, дэд бүтэц, бүтээн байгуулалт, татвар гээд олон зүйлээрээ улсын эдийн засагт сайн нөлөө үзүүлдэг. Гэхдээ энэ асуудлаас өмнө манай улс гэмт хэрэгтэй тэмцэх хууль, уул уурхайн бодлогын хууль зэргээ нэг мөр болгож батлах хэрэгтэй. Уул уурхай нь эдийн засгийн тэргүүний зүтгэх хүч болоод явж байгаа өнөө цагт бид уул уурхайгаа яг ямар журмаар ашиглах, баялгаа хэрхэн зохистой зарцуулах зэрэг асуудлуудаа эхлээд тодорхойлох нь зүйтэй. Тэгээд задаргаагаа зөв хийх нь эн тэргүүний асуудал шүү дээ. Дээрээс нь нэмж хэлэхэд манай данхайсан төрийн аппарат бас гадаад хөрөнгө оруулагчдыг үргээгээд байгаа. Тэд тогтвортой нэг л шийдвэртэй байхыг хүсдэг. Шат шатандаа хүнд сурталтай, хаана ч очсон нэг л том дарга авилга нэхээд сууж байдаг, тийм л орчинд бид гадаад хөрөнгө оруулагчдаа угтаж байгаа. Өөрөөр хэлбэл бид хариуцлагаа ч тооцдог, үйлчилгээгээ ч чирэгдэлгүй үзүүлдэг шатанд шилжиж байж, эдийн засаг өөдөлнө гэсэн үг л дээ.
-Данхайсан төрийн аппарат гэснээс танай намын зүгээс албан тушаалын танил тал, ар өврийн хаалгаар төрийн албанд орсон нөхдүүдийн нэгдсэн дүнг гаргаж ард түмэнд тайлагнана гэсэн асуудал яригдаад байна ?
-Түүнийг би хараахан мэдээгүй байна. Ер нь бол дарга нарын танил талаараа сүлжээ үүсгээд албан тушаалд томилдог байдал нуугаад байх зүйл биш болсныг хэн хүнгүй харж, мэдэрч л байгаа. Энэ бүхнээс үүдэж авилгал хээл хахууль, замбараагүй байдал үүсээд миний дээр ярьсан хөрөнгө оруулагчид бүр залхаад, бодлогын зөв чиглэлтэй орон руу яваад өгч байна шүү дээ.
– Удахгүй засгийн газар нэг жилийнхээ ажлын тайланг ард түмэндээ тайлагнана. Намрын чуулган эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг өөрчлөх шийд гаргаж чадах нь уу ? Засгийн газар сайн ажиллаж чадаж байна уу?
– Ер нь бол ард түмэн одоогийн амьдралын түвшин, улс орны эдийн засгийн байдал, засгийн газар ямар ажиллаж байгааг дүгнээд өгнө дөө. Засгийн газрын явуулж байгаа бодлогыг харахад төрийн аппаратыг хэт данхайлгаж шинэчлэе гэх урианаасаа өөр зүг рүү яваад байх шиг санагддаг. Үнийн өсөлтийг барьж байна гээд эдийн засгийн 40 хувийн асуудлаа төрийн оролцоотойгоор шийддэг байх жишээтэй.
– Таныг гишүүдийн тойрогтоо зарцуул гэж олгодог байсан нэг тэрбум төгрөгийг дахин олгуулж байх талаар хуулийн төсөл боловсруулж байгаа  яригдаж байна?
– Мэдэхгүй, би тэр мэдээллийг өөрөө олж уншаагүй л байна.  Яагаад тийм яриа гарсныг ойлгохгүй л байна. Тийм юм бол үнэхээр байхгүй.
– УИХ-ын гишүүдэд тойрогтоо зарцуул гэж олгодог байсан  нэг тэрбум төгрөг хасагдсанд таны хувьд жаахан гомдолтой санагдаад байгаа юм биш үү?
– Тийм юм байхгүй ээ. Би сонин хэвлэлээр бичсэн бүхнийг шүүгээд байх албагүй. Тоодог ч үгүй. Хүний хэлж яриагүй зүйлийг хэлсэн болгоод дуртай нэг нь бичиж л байг.
Баянхонгор аймгаас сонгогдсон гишүүдийг Х.Баттулга сайдын “малгай” дор сууж байгаад гараад явчихдаг гэх яриа бий. Та гишүүний бүрэн эрхт хугацаандаа хэр зоригтой дуугарч чадаж байна?
– Үүнийг ард түмэн аяндаа дүгнэж цэгнээд ирнэ. Мэдээж Х.Баттулга сайд бид хоёр нэг намаас нэг зорилготой гарч ирээд, тойрогтоо нэг ч болов зүйл нэмээд хийхсэн гэх сэтгэлээр зүтгээд явж байна. Би өөрийнхөө хувь хүний зүгээс хэлж ярихаа хэлээд, ажлаа явуулаад л байгааг ард түмэн харж байгаа байх.
– Тойрогтоо хийгдэж байгаа бүтээн байгуулалт, бусад санхүүжилтийн асуудлаа хэрхэн шийдэж байна?
– Бүх зүйлийг хууль ёсных нь дагуу холбогдох газруудааас төсөвлүүлээд явдаг.  Энэ бүхэнд бас их зүтгэл сэтгэл хэрэгтэй байдгийг ард түмэн мэднэ. Биднийг тийм л зүйл хийгээсэй гэх үүднээс сонгосон. Манай аймаг энэ жил хар замаар нийслэл хоттойгоо холбогдлоо. Олон жил үргэлжилсэн замын ажлыг дуусгаж, баруун аймгуудаас анх удаа хатуу хучилттай замаар нийслэлтэй холбогдсон аймаг болж чадлаа. Хоёр ч сумыг шинэ сум болгох зорилго тавин ажлаа эхлүүлээд байна. Одоо гурван сумаа өндөр хүчдэлд холбосноор манай аймгийн бүх сум өндөр хүчдэлд холбогдоно. Энэ бүхнийг нэг тэрбумтай, тэрбумгүй сэтгэл байхад хийж болдог ажил шүү дээ.
– Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын нутгийн онгон дагшин байдал алдагдаж, малчид амьдрахад хүнд болсон талаар яригдсаар байна. Нутагаа төлөөлж төрд суусан хүний үүднээс та энэ тал дээр ямар байр суурь, төлөвлөгөөтэй байна?
– Би БОНХ-ийн сайдад албан бичиг явуулж  хариуг нь аваад сууж байна. Манай АН-ын мөрийн хөтөлбөрт “Уул уурхай ашиглах үедээ тухайн орон нутгийн иргэдийн хурлаар ард түмнээс нь санал авсны үндсэн дээр шийднэ” гэсэн байгаа. Гурванбулагийн ард түмэн уул уурхайн компанийг нутагтаа оруулах хүсэлгүй байгаа. Тэгэхээр ард түмний хүслээр шийдэгдэнэ байх аа гэж найдаж сууна.
– УИХ-д суух хугацаандаа сул гишүүн байхын онцлог давуу тал нь юу юм бэ?
– Сул гишүүн байна гэдэг нэг талаараа бахархал юм. Би ард түмний элч болоод энд ирсэн. Энэ асуудалдаа л төвлөрч, тэднийхээ нүд чих нь явах ёстой. Ард түмнийхээ санаа бодлыг сонсож, зөв зүйтэй хууль батлан гаргах хэрэгтэй. Энэ олон ажлыг дээр дээрээс нь давхардуулаад байх шаардлагагүй, нэг цэгтээ төвлөрөх ёстой л гэж би хувьдаа боддог. Тийм ч учраас сул гишүүн байх нь ажил явуулахад илүү дөхөм байдаг. Өөрийгөө хараат бишээр сул гишүүн л сэтгэж чадна. Сайд дарга нарыг тэгэхээр ажлаа хийгээч ээ л гэж шаардах бүрэн эрх ард түмэнд бий. Албан тушаалын төлөө тэд өөрсдөө хичээдэг бол цалинг нь эцсийн дүнд ард түмэн өгдөг байхгүй.
-Ярилцсанд баярлалаа
Ж.Мядагбадам
Эх сурвалж: МНБ

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …