“Жакарта-2018” Азийн зуны спортын XVIII наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон хүчтэй өрсөлдөгчдөө илт давуу илүүрхэж алтан медаль хүртэв.
2010 онд БНХАУ-ын Гуанжоуд болсон Азийн наадмаас ОУХМ Гилэгжамцын Наранчимэг “Шар тив”-ийн олимпоос Монголын чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдаас анхны алтан медалийг эх орондоо авчирсан. Тэгвэл найман жилийн дараа Жакартагийн дэвжээнээс П.Орхон хоёр дахь медалийг авчирлаа. Түүнчлэн манай чөлөөт бөхийн тамирчид Азийн наадмаас хос алтан медаль хүртсэн дөрөв дэх тохиолдол болж байгаа юм. 1974 онд Тегеранд Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох, 1982 онд Шинэ Делид З.Дүвчин, Б.Болд, 2010 онд Гуанжоуд Г.Мандахнаран, Г.Наранчимэг, энэ жил Жакартад Э.Бэхбаяр, П.Орхон нар түрүүлээд байна.
П.Орхон Индонезийн нийслэлд шөвгийн наймд Вьетнамын Ти Хан Нгьен, хагас шигшээд олимп, дэлхийн аварга Японы Рисако Кавай, алтан медалийн төлөөх барилдаанд “Парис-2017” ДАШТ-ий хүрэл медальт, Азийн хошой аварга Кыргызстаны Айсулуу Тыныбековаг тус бүр цэвэр ялснаар аваргын тавцанд зогсохоор болсон юм.