Багш нар 9-р сарын 3-нд ажил хаялт зарлана гэв

Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар төрийн албан хаагчдийн цалинг 8-30 хувь нэмэгдүүлэх тухай шийдвэр гаргасан.Гэтэл энэ шийдвэр нь цалин нэмэгдүүлэх чиглэлээр гаргасан, нийгмийн түншлэл, гэрээ хэлэлцээрийн зарчмыг зөрчсөн гэж Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлэл хийлээ.

МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Засгийн газарт төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх талаар хэд хэдэн удаа санал тавьсан ч тодорхой хариу өгч, шийдвэрт хүрэхгүй байсаар одоог хүрсэн. Энэ жилээс МҮЭХ болон салбарын харъя байгууллагуудтай хамтран тэмцлийн алхмуудыг хийж, ажил хаялт зарлаж эхэлсэн. Бид Засгийн газартай өмнө хоёр удаа тус асуудлаар хэлэлцээ хийхээр суусан ч тодорхой зөвшилцөлд хүрч чадаагүй. Иймд өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэр нь ард иргэд, төрийн албан хаагчид болон МҮЭХ-ны санал хүсэлтийг үл харгалзан гаргасан нь зохимжгүй юм. Засгийн газар өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд төрийн албан хаагчдын цалинг огт нэмэгдүүлээгүй. Гэтэл өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд төгрөгийн ам.долларын харьцах ханш 37.5 хувиар унасан. Үүнээс харахад дор хаяж нийт ажилчдын цалинг 37.5 хувиар нэмж байж тэдний бараа бүтээгдэхүүн худалдан авах чадварыг хадгалж үлдэх юм.

Мөн тус шийдвэр нь 2018 онд төрийн албан хаагчдад олгох ёстой байсан нэг удаагийн тусламж, дэмжлэг болох 56.4 тэрбум төгрөгийг нийт төрийн албан хаагчдад хувааж, 8-30 хувь хүртэл нэмэгдлийг олгох шийдвэр гаргасныг МҮЭХ хүлээж авах боломжгүй байна гэдгээ илэрхийлж байна. Тийм учраас боловсрол болон эрүүл мэндийн салбарынхан ирэх есдүгээр сарын 1-ний өдрөөс ажил хаялт зарлах хэвээр” гэдгээ мэдэгдлээ.

Боловсрол Шинжлэх Ухааны Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ж.Батзориг “Монголын боловсрол, шинжлэх ухааны салбарынхан цалин нэмэгдүүлэх асуудалд маш хүлээцтэй хандсан. Бидний тэмцлийн үйл ажиллагаа эрчимтэй хэрэгжиж байх үед Засгийн газраас МҮЭХ-д олон санал тавьсан. Энэ саналуудыг бид хүлээж авч, хавар хүүхдүүдийн элсэлтийн шалгалт гэх мэт олон ажил давхацдаг учир бид тэмцлээ хойшлуулах шийдвэрт хүрсэн.

Гэтэл Засгийн газраас ийм шийдвэр гаргасанд үнэхээр бухимдалтай байна. Тиймээс бид улс даяар есдүгээр сарын 3-нд ажил хаялт зарлахаа мэдэгдэж байна. Засгийн газар дангаараа ийм шийдвэрт хүрснийг буруу гэж үзэж байгаа. 2017 онд биднийг тэмцэл хийж байхад тохиролцооны гэрээ хийсэн. Тэгвэл энэ жил дахин гал унтраах байдлаар 8-30 хувь нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа.

Багш нарын ажлын ачаалал их байгааг бүгд мэднэ. Гэтэл зарим нь ачаалал ихтэй, зарим нь бага байгаа мэт голд нь яс хаясан, хагаралдуулсан шийдвэрийг гаргаад байна. Есдүгээр сарын 1-ний өдөр ажлын өдөр биш учир 3-ний өдрөөс хийхээр төлөвлөсөн.Бид зөвхөн ажлаа хаяад сургуульдаа суух биш, талбай дээр суулт хийж, цаашлаад олон хүнд хэлбэрийн эсэргүүцлийг өрнүүлнэ” гэв.

 

 

Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …