“МИАТ”-ийн дэд захирал Н.Энхбаатарыг Авлигатай тэмцэх газрын /АТГ/ Мөрдөн шалгах хэлтсийнхэн авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан долдугаар сарын 23-нд саатуулсан билээ. Тэрээр тус компанийн Захиргаа, хууль эрх зүй эрхэлсэн дэд захирлаар ажилладаг бөгөөд түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр шалгаж ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид 30 хоног саатуулсан байдаг.
Н.Энхбаатарыг саатуулах 30 хоногийн хуулийн хугацаа наймдугаар сарын 24-ны өдөр дууссан. Тиймээс прокурорын байгууллагаас үргэлжлүүлэн хорих саналаа шүүхэд хүргүүлснээр шүүхээс яллагдагчаар татаж, дахин нэг сар үргэлжлүүлэн хорих шийдвэрийг гаргасан юм. Тэгвэл Н.Энхбаатарын өмгөөлөгч шүүхэд хүсэлт гаргаснаар түүнийг батлан даалтад гаргаад байгаа аж.