Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хичээлийн шинэ жилийг угтан хийсэн шалгалтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ удаагийн шалгалтад ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 50 хувийг хамруулж, боловсрол, эрүүл ахуй, халдвар хамгааллын чиглэлээр шалгалт явуулж, 715 зөрчил илрүүлжээ.
Тухайлбал, шалгалтад хамруулсан цэцэрлэг, сургуулиас 18 нь есдүгээр сарын 1-нд хичээлээ эхэлж амжихгүй болсон байна.
Зөрчил гаргасан ихэнх цэцэрлэг, сургууль нь урсгал засвар хийх тендерийг оройтож зарладгаас есдүгээр сарын 1-нд хичээлээ эхэлж чадахгүйд хүрсэн байна.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 127 дугаар цэцэрлэгийн засварын ажил тендерийн дагуу наймдугаар сарын 20-нд эхэлж байгаагаас аравдугаар сарын 1-нд хичээлээ эхлэхээр болжээ. Үүнээс болж тус цэцэрлэгт хамрагдах 750 хүүхдийг тараан байршуулахаар болсон байна.
Мөн Баянзүрх дүүрэгт 147 дугаар цэцэрлэг шинээр баригдаж, есдүгээр сарын 1-нд ашиглалтад орох төлөвлөгөөтэй байгаа ч сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөө аваагүй байгаа аж. Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 228 дугаар цэцэрлэг хамран сургах тойргийн хүүхдийн судалгаагаа гаргаагүй зөрчил илэрчээ.
Харин төрийн бус өмчийн цэцэрлэгт багш нарын дунд сонгон шалгаруулалт явуулж, гэрээ хийгээгүй зэрэг зөрчил илэрсэн байна.
Мөн шинээр хэвлэсэн сурах бичгээ аваагүй байгаа сургуульд наймдугаар сарын 30, 31-н гэхэд сурах бичгээ татаж дуусгах санал хүргүүлжээ.
Хоёр дахь шатны шалгалтыг есдүгээр сарын 1-15-нд зохион байгуулж, үдийн цай, ном сурах бичгийн стандарт, дүрэмт хувцас зэргийг шалгах ажээ.