Хэнтий аймгийн Биндэр суманд Монгол төрийн “Их Хуралдай” орд өргөө цогцолбор сүндэрлэнэ

Энэ сарын 26-ний өдөр Хэнтийн аймгийн Биндэр суманд Монгол төрийн “Их Хуралдай” орд өргөө цогцолборын барилгын ажлын шав тавих ёслол боллоо.
Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн Л. Оюун-Эрдэнэ, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, УГЗ, уран сийлбэрч Д. Төртогтох, Монгол төрийн “Их Хуралдай” орд өргөө цогцолборын төслийн багийн удирдагч Н.Батбаяр, Төслийн гүйцэтгэгч “Мөнх өргөө” ХХК-ийн захирал Б.Батхишигт нар болон нутгийн иргэд оролцлоо.

Энэ жил Хэнтийн аймгийн Батноров суманд “Хүлэг боорчи-андлалын өргөө” түүхэн аялал жуулчлалын цогцолборын шав тавих ёслол өнгөрсөн тавдугаар сард болсон бол энэ удаа Монгол төрийн “Их Хуралдай” орд өргөө цогцолборын шавийг тавилаа. Ингэснээр Хэнтий аймагт  түүхэн аялал жуулчлалыг  хөгжүүлэх  хоёр дахь томоохон бүтээн байгуулалтын ажил  өрнөж эхэллээ.

Энэхүү түүхэн цогцолборыг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн санаачлагаар Байгаль орчин аялал жуулчлалын яам дэмжин ажиллаж байгаа юм. Харин цогцолборын гүйцэтгэгч компаниар “Мөнх өргөө” ХХК ажиллаж байна.

Монгол төрийн “Их Хуралдай”орд өргөө цогцолборын барилгын ажлын шав тавих ёслолын арга хэмжээний үеэр УИХ-ын гишүүн Л. Оюун-Эрдэнэ “1206 онд цагаан барс жилд Монголын эзэнт гүрэн байгуулагдсан гэдэг маань Монгол Улс анх тууриа тавьж байжээ. Тэр үед Их Эзэн Чингис хаан Далай хаан нэртэй болж Вьетнамаас Унгар, Сибирээс Энэтхэг хүрч өргөн уудам газар нутагтай эзэнт гүрэнг байгуулсан. Өнөөдөр 1206 онд Монгол Төрийн “Их Хуралдай” ямар орд өргөөнд хуралдсан байж таарах вэ гэдгийг түүхчид маань судалсны үндсэн дээр томоохон бүтээн байгуулалт хийгдэхээр болж байна” хэмээв.
Монгол төрийн “Их Хуралдай” орд өргөө цогцолборыг бүтээн байгуулахад хоёр тэрбум орчим зарцуулагдах юм байна. Бүтээн байгуулалтын ажлыг 2019 онд багтаан дуусгах юм гэдгийг төслийн гүйцэтгэгч компанийн захирал Б. Батхишигт хэллээ.
Хэнтий аймгийн Биндэр суманд 1206 онд Их Эзэн Чингис хаан “Их Хуралдай”-г зарлаж Их Монгол улсыг тунхаглаж байсан түүхэн дурсгалт газруудын нэг гэдгээрээ гадаадыг болон дотоодын жуулчдын анхаарлыг татдаг газар юм.

Г.Нараа

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …