Өнөөдөр тохиож буй “Дэлхийн багш нарын өдөр”-өөр нийслэлийн 1000 багш Богдхан ууланд явган аялал хийж байна. Байгаль дэлхийдээ ойр байж, эрүүл агаарт явган аялахыг уриалсан Засгийн газрын тэргүүний уриалгыг дэмжиж ийм аялал зохион байгуулж байгааг Нийслэлийн боловсролын газрынхан онцоллоо.
Хүн ардыг сургаж боловсруулах хүнд хариуцлага үүрдэг багш нар ийм санаачилга гаргаж, өргөн бүрэлдэхүүнээр аялж байгаад Ерөнхий сайд Н.Алтанхуяг талархал илэрхийлэн Чингисийн талбайгаас багш нарыг аялалд нь үдлээ. Явган аяллыг идэвхжүүлэхээр Шинэчлэлийн Засгийн газар Богд ууланд аяллын маршрут гаргаж, амралтын цэгүүд байгуулж эхэлснийг Ерөнхий сайд энэ үеэр тодотгоод, эрүүл агаар, эмгүй эмчилгээнд хэн ч нэгдэж болохыг хэллээ.
Аялалд нийслэлийн төвийн 6 дүүргээс тус бүр 160, Налайх дүүргээс 20 багш оролцож байгаа бөгөөд Цэцээ гүний оргил өөд Манзуширын хийд, Төр хурахын амгэсэн маршрутаар аялах юм. Аялагчид байгальд ээлтэй аяллын зарчим мөрдөж, өөрсдөө хаягдал үлдээхгүйгээс гадна уулын хогийг цэвэрлэх гэнэ. Идэвх санаачилгатай оролцсон дүүргийн боловсролын хэлтсүүдийг урамшуулахаар болзол зарласан ба уулнаас цэвэрлэж түүсэн хог хаягдлын хэмжээг шалгаруулалтын нэг үзүүлэлт болгон тооцох юм байна.
Сонирхуулахад, “Дэлхийн багш нарын өдөр” (World Teachers Day)-ийг 1994 оны 10 дугаар сарын 5-наас эхлэн тэмдэглэдэг болжээ.