П.Лхагвасүрэн: Боловсролын брэндлэг чанарт анхаарлаа хандуулах хэрэгтэй

Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны Боловсролын хүрээлэнгийн захирал, боловсрол судлалын доктор Пүрэвийн Лхагвасүрэнтэй уулзаж ярилцлаа.


-Хичээлийн шинэ жил эхэллээ. Монгол Улс их, дээд сургуулийн тоо, арван мянган хүнд эзлэх оюутны хувиараа дэлхийд дээгүүрт бичигддэг ч боловсролын чанарын хувьд бөмбөрцгийн хэмжээнд сүүл мушгидаг гэсэн шүүмж их байдаг. Үнэхээр тийм хэцүү байдалд орчихоод байгаа юу?

-Монголчууд бидний нэг суут соёл бол эрдмийг бишрэн дээдэлж, тахин шүтдэг үзэл. Социализмын буюу төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоотой нийгэмд манайх хэдхээн их, дээд сургуультай, хувийн сургуулийн тухай ойлголтгүй байлаа. Тэр үед их, дээд сургуульд элсэн орох гэдэг ойлголт жинхэнэ чанартай, шигшигдсэн, тухайн эзэмших гэж байгаа мэргэжлийнхээ суурь болсон шинжлэх ухааны үндэслэлийг ерөнхий боловсролын сургуульд чиглэл чиглэлээр үзэж эзэмшдэг байсан. Конкурс буюу элсэлтийн шалгалт маш өндөр хэмжээний ач холбогдолтой шалгалт байлаа. Улаан шугам буюу конкурсын эрэмбээр жагсаад сургуулийн хуваариа авдаг түвшинтэй. Зах зээлийн нийгэмд шилжсэнээр дээд боловсролын тогтолцоонд маш том өөрчлөлтүүд гарч байна. Дээд боловсролын салбарт цоо шинэ хувийн их, дээд сургуулийн арми үүсэн бий боллоо. Дээд боловсролыг тодорхой хэмжээний төлөвлөгөөтэй, тодорхой ажлын байртай уялдуулаад оюутан элсүүлдэг, хяналтын тоонд багтаадаг байсан маань үндсэндээ өөрчлөгдлөө.

-Олон их, дээд сургууль бий болохын хэрээр хяналт, боловсролын салбарт хандах төрийн бодлого алдагдаж дээд боловсролтой дэлгүүрийн худалдагчид бэлтгэх болсон юм биш үү?

-Өнөөдөр дээд боловсрол эзэмшихэд шаардлагатай суралцах чадварын тодорхой хэмжээний өндөр түвшинд хүрсэн бол бүгдэд нээлттэй. Стандарт гэдэг маань нэг ёсондоо элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр тодорхойлогдоно шүү дээ. Хуучнаар конкурс. 2012 оноос ЭЕШ-д босго тогтоож эхэлсэн. ЭЕШ-ын босгыг давсан байхад сурагчид их, дээд сургуульд сурах боломжтой болж байгаа. Нэгэн үед их, дээд сургуулиудыг давхардсан биш тоогоор аваад үзэхэд 170 орчим хүрч байсан. Өөрөөр хэлбэл ШУТИС гэхэд 13-14 салбар сургуультай, МУИС мөн тийм салбар сургуультай, ХААИС арваад салбар сургуультай. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 96 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байна. Дээд боловсролын салбар тодорхой хэмжээнд хөгжиж байгаа. Хувьсан өөрчлөгдөж байна. Дэлхий нийтэд их, дээд сургуулиудын хөгжлийн чиг хандлага маш хурдтай өөрчлөгдөж байгаа. Зарим их, дээд сургуулиуд өөрийн гэсэн төлөвлөгөө, хөтөлбөр, өөрийн гэсэн брэнд бүтээгдэхүүнтэй.

Боловсрон гарч буй оюутнууд, сэхээтнүүдийнхээ мэдлэг чадварын чанар чансаагаар, ажил эрхлэлтийн байдлаар, нийгэм болоод хүн төрөлхтөний оюуны соёлд юу бүтээж байгаагаараа, шинжлэх ухаанд юуг хийж туурвиж буйгаараа үнэлэгдэх ийм цаг үе. Дэлхийн зарим шилдэг сургуулиуд хөтөлбөрөө олон улсад нээгээд дэлгээд тавьж байна. Брэнд чанар гэдэг нь Харвардын их сургууль ч юм уу, МУИС-ийн бусдаасаа онцгойрч буй нэр хүнд л дээ. Өөрийн гэсэн том соёлыг бүтээж хүн төрөлхтөний түүхэнд оруулж буй хувь нэмэр, түүний баталгаажилт, хандлага найдвартай. МУБИС-ийн төгсөгчид гэхэд нэгэн үе манай улсын бүх ерөнхий боловсролын болон сургуулийн өмнөх боловсролын түвшинд ажиллаж байгаа багш нар нь заах арга зүйн хувьд онцгойрч байдаг байсан. МУИС-ийн төгсөгчид тухайн шинжлэх ухааныхаа чиглэлээр нэлээд гүнзгий мэдлэг эзэмшчихсэн, тэр мэдлэгээ хүүхдэд хүргэх талдаа гаршиж, тухайн багшийн гараас тодорхой шинжлэх ухааны чиглэлийн аваргууд төрдөг гэх мэтийн брэндлэг чанаруудыг бүтээсэн байдаг.

-Дээд боловсрол олгох сургуулиуд өндөр төлбөртэй, чанартай сургалттай байхгүй бол нийгэмд ашиггүй гүехэн мэдлэгтнүүдийн давалгаа цунамигийн хэмжээнд хүрлээ гэж халаглах хүн олон байна л даа?

-Оюутан сурагчдыг элсүүлэх өндөр төлбөртэй хувийн их, дээд, ерөнхий боловсролын сургуулиудын том арми бий боллоо. Ерөнхийд нь аваад үзэхээр өндөр төлбөрөөс тодорхой түвшний эцэг эхчүүдийн нэг хэсэг нь айхаа больсон. Зах зээлийн харилцаанд шилжсэнтэй уялдан хүмүүсийн өмчийн ялгарал их явагдаж байна. Ер нь чанартай боловсрол олгодог, хүнийг өөрчилж чадсан, шинэ нөхцөл боломжид ажиллаж чадах төгсөгчдийг бэлтгэдэг сургуульд мөнгө харамладаггүй болсон. Их, дээд сургуулиудын төлбөр харьцангуй өндөр байвч дэлхийн сургуулиудтай харьцуулбал доор байгаа. Үүнийг олон талаас нь ойлгож болно. Ард түмний амьдрал тааруу байна.

Нийтээрээ их, дээд сургуульд сурах эрмэлзэл их. Суралцагсдын тоо олон болсон. Гэтэл их, дээд сургууль төгсөгчдийн ажлын байр хуучин нийгмийн үеийнхтэй харьцуулахад тэс ондоо болсон. Одоо бол ур чадвараараа, мэдлэг чадвараараа, эзэмшсэн мэргэжлийнхээ чанар чансаагаараа, тэрнээс гадна хүнтэй харилцах, багаар ажиллах, аливаа нэг асуудлыг дэвшүүлж шийдвэрлэх, ямар нэг зүйлд дасан зохицох зэрэг цоо шинэ чадварууд чухалд тооцогдох боллоо. Хувь хүний байгалийнх нь авьяас билэгт тулгуурласан чадваруудыг ажил олгогчид нэхээд эхэлсэн. Нөгөө талаас хүн төрөлхтний шинжлэх ухааны салбар, хүмүүсийн амьдралд мэдээллийн технологи бодитойгоор ороод ирлээ. Үүнтэй холбогдуулж маш олон шинэ мэргэжлийг нээж, эзэмших хэрэгтэй болж байна. Зарим нэг мэргэжлүүдийн шаардлага алга болох хувьслын он жилүүд үргэлжилж байна. Тиймээс сургалтын хөтөлбөрийг үүнтэй уялдуулан яв цав чанга хатуу биш уян хатан зохион байгуулах, хөрвөх хандлагатай шинэчлэлтүүдийг хийх зайлшгүй шаардлагатай.

-Болсон, болоогүй дипломын голууд олноор бэлтгэж байгаа нь харамсалтай биш гэж үү. Хөдөөгийнхөн гэхэд үр хүүхдээ мундаг хүн болгох гээд ноос ноолуурын мөнгөө хуу зориулаад байдаг. Нөгөөдүүл нь дөрвөн жил үлгэн салган сурсан болж хамаг мөнгө, үнэт цаг хугацаагаа салхинд хийсгэснийхээ эцэст гудманд лааз өшиглөсөн, эсвэл лангуу сахин нойрмоглосон нэгэн болох л хувь тавилан хүлээж байдаг даа?

-Үр хүүхдээ дээд боловсролтой хүн болгох гэсэн эцэг эхчүүдийн чин хүсэл эрмэлзэл дээр зарим сургууль бизнес хийж байгаа нь нууц биш. Хөдөөний хүүхдүүд найз нөхөд нь сургуульд явчихаар сонин байдалд орж болсон, болоогүй нэг сургуульд очоод ордог. Нөгөө муу эцэг эх нь төлбөрийг нь төлөхөөр “Малчны зээл” авдаг. Ноолуураа дэнчин тавиад зээл авна гэх мэтээр нийгэмд дээд боловсрол эзэмшихээс илүү өрийн сүлжээ үүсдэг. Үүнийг эмзэглэж харах ёстой юм. Үүнтэй уялдуулан төр боловсролын салбараа яаж санхүүжүүлэх вэ, яаж төлөвлөх вэ, ямар зохицуулалт, зохион байгуулалт хийх вэ гэдэгт хатуу бодлого баримтлах хэрэгтэй. Улс төргүйгээр аливаа нийгмийн амьдралыг төсөөлөх аргагүй. Гэхдээ улстөр боловсролын салбарт дэндүү соёлгүй, зөвхөн улстөрчийн араншингаар шинжлэх ухааны үндэслэлгүй орж ирсэн явдал монголчуудыг туйлдуулах үндэс болсныг нуух юун. Болсон, болоогүй борооны дараахь мөөг шиг тоймгүй олон сургуулийг байгуулсан. Энэ их хариуцлагагүй зүйл болсон. Хүмүүсийн үр хүүхдээ дээд боловсролтой болгох хүсэл сонирхол дээр маш том тоглолтууд явагдсан.

Энэ бүхэн тодорхой хэмжээгээр багасч л байна. Уг нь тухайн нарийн мэргэжлээр мэргэших хүний суурь чанар, стандартыг хангах чадварыг тэр хүүхэд эзэмшиж үү, үгүй юу гэдгийг Элсэлтийн ерөнхий шалгалтаар тогтоох ёстой. Тиймээс ЭЕШ-ын босго оноог өндөрсгөх хэрэгтэй. Маш хатуу хандах учиртай. Энэ жилийн хувьд Цогзолмаа сайд “Улсын их, дээд сургуулийн ЭЕШ-ын босго 480 оноо байна” гэсэн чухал шийдвэр гаргасан. Урьд нь 400 оноо байсан. Энэ нь бас нэг том алхам байсан юм. Төр өөрийнхөө харьяа сургуулиудын оюутны чанарт өөрчлөлт хийхийг оролдож байна. Харин бусад сургуулиудын хувьд яах вэ гэдэг асуудал бий. БСШУСЯ, Боловсролын хүрээлэн энэ талаар хамтарч судалгаа хийж байгаа.

үргэлжлэлийг энд дарж уншина уу

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …