Нийслэлийн намын хорооны дарга Ц.Сандуй ажлаа хүлээлгэж өгснөөс хойш жил гаруйн хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд нийслэлийн МАН-ын даргын үүргийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд гүйцэтгэсээр ирсэн юм.
Нийслэлийн МАН-ын хороо даргаа бага хурлаараа сонгодог журамтай. Энэ дагуу өнгөрсөн 7 хоногийн сүүлийн өдрүүдэд Нийслэлийн МАН-ын бага хурал хуралдаж даргаараа УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарыг сонголоо.
Хурал эхлэх мөчид ширүүн уур амьсгалтай байсан ч эцэстээ дэг журамтай байж хэлэлцэх асуудлуудаа дүрэм журмын дагуу хэлэлцэж дуусгажээ. Бямба гаригийн үүрийн 05 цаг хүртэл хуралдаж даргаа сонгосон нийслэлийн МАН-ын бага хуралд 369 төлөөлөгч оролцсон байна. Хурлын уур амьсгал ширүүн эхэлсэн шалтгаан нь хурлыг удирдан явуулах дарга сонгох мөн бага хурлын төлөөлөгчдийг 211 болгох асуудал байсан аж.
Үндсэндээ Улаанбаатарт МАН-ын үйл ажиллагаа ерөнхийдөө сул, удирдлага ба баг нь нийтээрээ 60 тэрбумын гэх хэл аманд орооцолдсон, намын гишүүд нь итгэл алдарсан маягтай байсан нийслэлийн МАН-д дарга солигдоно гэдэг ШИНЭ үзэгдэл. Мөн нийслэлийн МАН-д чөлөөт өрсөлдөөний, шинэчлэл өөрчлөлтийн салхи сэвэлзээгүй бараг 20-иод жил болсон гэхэд хилсдэхгүй.
Хатуухан хэлэхэд эдгээр он жилүүдэд МАН дахь “ хотын бүлэглэлийнхэн” гэгдэх хүмүүст сонгуулиар ялалт ирвэл тэд л албан тушаалд очдог бичигдээгүй дүрэм бий болсон байв. Нийслэлийн МАН-ын 34-р бага хуралд оролцогчид хэдхэн хүний албан тушаалын эрх ашиг, амбицийн төлөө бус, нийтийн эрх ашиг, нэг үгээр “ амьсгалах агаар” , эрүүл орчны төлөө сонголт хийсэн нь зөв алхам болжээ гэж дүгнэж болох юм.
2012-2016 онд нийслэлээс МАН-ын ганцхан гишүүн УИХ-д сонгогдон ажилласан нь шинэ дарга Д.Сумъяабазар нь байсан. Нийслэлд нам нь өөрийн хүчээр ялах өнгөгүй байна гэдэг шинэчлэл,өөрчлөлт явагдахгүй,анхан шатандаа хүрч ажиллаж чадахгүй байгаагийн илрэл. Тиймээс намаа шинэчилж, идэвхжүүлж нам шиг нам болоод дараагийн сонгуульд орж,өөрсдийн хүчээр ялалт авчрахын төлөө тэд нэгдэв бололтой.
Харин одоо шинэ дарга нь юу хийж чадах бас чадахгүй вэ гэдэг асуулт гарч ирнэ. Ямартай ч нийслэлийн МАН-ын даргын хувиар Улаанбаатар хотод дэвшүүлсэн намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллах учиртай ч засаг захиргааны удирдлага С.Батболдтой нэг баг болж ажиллаж чадах уу? Нийслэлийн удирдлага нийт багаараа намын даргаа дэмжиж чадах уу? чадахгүй бол 2020 оны сонгуульд хэн хариуцлага хүлээх вэ? гэх мэт олон асуулт гарч ирнэ. Энэ бүгдэд нийслэлийн МАН-ын шинэ дарга Д.Сумъяабазар хэрхэн ажиллаж байгаагаараа хариулна бас дүгнүүлнэ.
Ямартай ч шинэ дарга ажилдаа шуурхайлан орж ажлаа авсан даруйдаа буюу бямба гаригт нийслэлийн МАН-ын анхдугаар хурлыг хуралдуулж 70 хувийн ирцтэйгээр намын дэд дарга болон тэргүүлэгчдийг томилсон юм. Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар орон тооны 1, орон тооны бус 6 дэд даргатай байхаар санал оруулсан. Ингээд нийслэлийн МАН-ын дэд даргаар Сонгинохайрхан дүүргйн Засаг даргын орлогч Н.Алтаншагай, орон тооны бус дэд даргаар Б.Мөнхбаатар, О.Одбаяр, Ж.Батбаясгалан, Г.Төмөрбаатар, УИХ-ын гишүүн Н.Учрал, Х.Нямбаатар нарын нэрийг дэвшүүлсэн. Харин заалнаас УИХ-ын гишүүн Ц.Гарамжав болон засаг даргын орлогч Д.Энхтөр нарыг дэвшүүлж, нууц санал хураалт явуулан баталсан юм.
Харин нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчээр намын дүрмийн дагуу намын хорооны дарга, дэд дарга, НИТХ-ын дарга С.Амарсайхан, Хотын дарга С.Батболд, НАМЗХ, НАЭХ, Ахмадын холбооны дарга нар, Баянгол дүүргийн намын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Сүхбаатар дүүргийн намын хорооны дарга, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Чингэлтэй дүүргийн намын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Ганболд, Сонгинохайрхан дүүргээс НИТХ-ын төлөөлөгч М.Мөнхжаргал Баянзүрх дүүргийн Засаг дарга Э.Бат-Амгалан, Багахангай дүүргийн ИТХ-ын хурлын дарга Б.Батнасан, Налайх дүүргийн төлөөлөгч Б.Сэмжидмаа нарыг томилоод байна.