Х. Мандахбаяр: “Сэтгүүлч ордон” олон нийтэд үүд хаалгаа үргэлж нээлттэй байлгана

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл ерөнхийлөгч Х.Мандахбаярын мөрийн хөтөлбөрт тусгасан “Сэтгүүлч ордон” барих ажил эхэлж, 1000 сэтгүүлчдийн орон сууцны шав тавихад бэлэн болсон талаар МСНЭ-ээс өнөөдөр мэдээлэл хийлээ.

“Сэтгүүлч ордон” Сүхбаатарын талбайгаас хоёр километрийн зайд буюу 32-ын тойрогт байрлах ба 678 кв.м талбайтай байх ажээ. Тус ордны газрын асуудлыг тавдугаар сарын 3-нд зохион байгуулсан Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр зохион байгуулсан “Хараат бус сэтгүүл зүйн үндэсний форум”-ын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд шийдэж өгсөн байна.

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн удирдлагууд 16 давхар“Сэтгүүлч орд”-ны иж бүрэн зураг төсөл боловсруулах гэрээг өнөөдөр “Марс Констракшн” компанитай байгуулснаар “Сэтгүүлч ордон ” барих ажил албан ёсоор эхэллээ.

МСНЭ-ийн ерөнхийлөгчХ.Мандахбаяр“Сэтгүүлчдийн нийгмийн асуудлыг шийдэхгүйгээр, цалин хангамжийг нь нэмэхгүйгээр сэтгүүлчдээс хариуцлага нэхэх нь учир дутагдалтай. Тийм болохоор бид энэ ажлыг эхэлсэн. Мөрийн хөтөлбөрт тусгасан, төлөвлөсөн ажлууд эхнээсээ гараанаас гарч байна. Сэтгүүлчдийн ордон иргэд, олон нийтэд үүд хаалгаа үргэлж нээлттэй байлгана. Нийгмийн гүүр, нийгмийн дуу хоолой байхад нэгдэн нягтрах байр талбай, мэргэжлийн байгууллагууд үйл ажиллагаагаа явуулах орчин нөхцөл бидэнд хэрэгтэй байсан. Хараат бус, чөлөөт сэтгүүл зүйг эрхэмлэж, хөгжүүлэхэд энэ бүтээн байгуулалт, бидний гэр болох энэ ордон үр өгөөжөө өгнө. Сэтгүүлчдийг орон сууцжуулах ажил бүрэн шийдэгдсэнийг дуулгахад таатай байна. Цаг наргүй ажилладаг хэвлэл, мэдээллийн салбарынханд маань энэ мэдээж хамгийн чухал асуудал” гэдгийг хэллээ.

Түүнчлэн Мөрийн хөтөлбөрт тусгагдсан “1000 сэтгүүлчийг орон сууцжуулах” хөтөлбөрийн хүрээнд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1620 айлын “Шинэ гүрэн” иж бүрэн цогцолбор хороололд 400 сэтгүүлчийг орон сууцаар хангах гэрээнд МСНЭ болон “Шинэ Гарц” ХХК-ийн удирдлагууд гарын үсэг зурж, шав тавих ёслол үйлдлээ.

Ингэснээр 2019 онд эхний 100 сэтгүүлч нэг м.кв нь 1,099,000 төгрөгийн үнэтэй бүрэн цутгамал орон сууцтай болох боломж бүрдэж байна. Уг хөтөлбөрт хамрагдах сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтныг сонгон шалгаруулахдаа сэтгүүлч, редакц, МСНЭ-ийн хооронд гурвалсан гэрээ байгуулж, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх замаар сэтгүүлчдийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэх бодлогыг баримтлах юм байна.

Хямд үнэтэй, чанартай орон сууцанд хамрагдах сэтгүүлчдийг бүртгэх журам, гурвалсан гэрээ зэргийг МСНЭ-ийн Ажлын албанаас удахгүй редакцуудад нэгдсэн журмаар танилцуулах юм байна.

Орон  сууцны төслийг хэрэгжүүлж буй “Шинэ Гарц” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Бадамрагчаа“МНСЭ-ийн зүгээс манай компанид сэтгүүлчдийг хямд өртөг бүхий орон сууцаар хангах 1,000 сэтгүүлчийн орон сууц төслийг хамтран хэрэгжүүлэх санал тавьсан. Бид судалж үзсэний үндсэн дээр нэг м.кв-ыг нь 1,099,000 төгрөгөөр 400 сэтгүүлчийг бүрэн цутгамал чанартай орон сууцаар хангах гэрээнд өнөөдөр гарын үсэг зурж байна.

“Шинэ гүрэн” төслийн хувьд бүрэн цутгамал орон сууцны зах зээлийн анхны үнэ 2,300,000 төгрөг боловч бид МСНЭ-тэй байгуулсан гэрээний хүрээнд сэтгүүлчдэдээ нэг м.кв-ыг нь 1,099,000 төгрөгөөр нийлүүлнэ. Гэвч чанарын хувьд ямар нэгэн ялгаа гаргахгүй, харин ч сэтгүүлчдэдээ илүү түргэн шуурхай үйлчлэх, эхэлж ашиглалтанд орсон барилгаас олгох чиглэлийг барьж ажиллана” мэдэгдлээ.

Г.Нараа

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …