Ашигт малтмал газрын тосны газраас шатахууны үнийн өсөлтийн талаар хэвлэлийн бага хурал хийлээ. Хуралд газрын тосны салбарын асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр болон холбогдох хэлтсийн дарга, мэргэжилтнүүд оролцож, дэлхийн газрын тосны үнийн мэдээлэл болон монгол улсын газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн тухай мэдээллийг өгөв.
АМГТГ-ын Газрын тосны салбар хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр “Манай улсын шатахууны хэрэглээ 100 хувь гадаад улсаас хамааралтай учир дэлхийн газрын тосны үнэ, ОХУ-ын “Роснефть” компаниас нийлүүлж буй хилийн үнийн хэлбэлзэл нь шатахууны жижиглэнгийн үнэд шууд нөлөөлж ирсэн. Мөн манай шатахууны худалдаа эрхлэгч компаниуд шатахуун экспортлогч орнуудаас зөвхөн ам. доллараар төлбөр төлж, худалдаа хийдэг тул ам. долларын төгрөгтэй харьцах ханшийн өөрчлөлт ч шатахууны үнэд нөлөөлж байна.
Он гараад шатахууны үнэ буурах хандлагатай байгаа. Аж ахуйн нэгжүүдийн толгойг төрөөс илээд байгаа зүйл байхгүй. Тэд татан авалтаа цаг тухайд нь хийхгүй бол шатахууны хомсдол үүснэ. Сая л гэхэд дулааны улирлаас хүйтний улирал руу шилжих үед өвлийн шатахууны үнэ нэмэгддэг. Тэр жишгээр тонн тутамд 30 орчим ам.доллараар нэмэгдсэн” гэв.
Энэ сарын 2-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 37 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс А-80 авто бензин 98, Аи-92 авто бензин 34, дизелийн түлш 33, ТС-1 онгоцны түлш 31 хоногийн нөөцтэй байгаа аж.