Өнөөдөр нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо.
Эл шуурхай зөвлөгөөнийг цаашид үр дүнтэй явуулахын тулд зарчмын зарим өөрчлөлтийг оруулах шаардлагатайг нийслэлийн засаг дарга анхааруулж “Дараагийн шуурхай зөвлөгөөнөөс эхлэн 14 хоног тутамд нийслэлд олгож буй газар олголт, худалдан авах ажиллагааны дагуу хийж буй тендер, худалдан авалтын талаар удирдах ажилтнууд болон олон нийт, хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй мэдээлье.
Ингэснээр хэн гэж дарга хаана газар олгож, юу худалдан авсан, ямар тендерт хэн ямар шалгуураар ялсан зэрэг нь нийтэд ил тод болно” гэж хэллээ.
Тэрбээр цааш нь “Төрийн албан хаагчид авлига, хээл хахуульд автаж, төрийн ажлыг цалгардуулан, нийтийн сайн сайхан, эрх ашгийг уландаа гишгэсэн үйлдэл гаргасан ямар ч албан тушаалтанд хатуу хариуцлага тооцно.
Бид өөрсдийнхөө үр хүүхэд, ач, зээ нарт хот шиг хот хүлээлгэж өгөхийн тулд ажиллаж байна.
“Хоноцын сэтгэл”-ээр хандаж, төрийн хууль, тогтоомжийг үл тоовол хамтран ажиллах шаардлагагүй” гэж нийслэлийн удирдах ажилтнуудад хатуу санууллаа.
Нийслэлийн Засаг даргын үүргийн дагуу нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг явуулах шинэ журмыг нийслэлийн ЗДТГ-ын Нутгийн захиргааны хэлтэс боловсруулж, энэ сарын 10-ны удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болжээ.
Харин нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөнийг энэ сарын 14-нд буюу ирэх даваа гарагт хийхээр товлосон юм.