Монголын эмэгтэйчүүдийн холбооны санаачилгаар Монголын өмгөөлөгчдийн холбоо, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл хамтран “Хүчирхийллийг хүчгүйдүүлэх олон нийтийн хөдөлгөөн”-ийг өрнүүлж эхэлжээ. “Хүчирхийллийг хүчгүйдүүлэх олон нийтийн хөдөлгөөн”-ийн талаар өнөөдөр Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Батбямба нар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.
“Хүчирхийллийг хүчгүйдүүлэх олон нийтийн хөдөлгөөн”-ий талаар Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл “Хүчирхийлэл газар авч хүний эрх тэр тусмаа хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх ноцтой зөрчигдсөөр байна.Гарынхаа чадал булчингийнхаа бядыг хүүхэд, эмэгтэйчүүдэд гаргаж бахаа хангаж хүслээ гүйцээж суугаа араатнуудтай тэмцэх цаг болжээ.Гэр бүлийн хүчирхийллийн 86 хувь нь эр нөхрийнхөө хүчирхийллийг нуудаг харин 14 хувь нь хүчирхийллийг тэсдэггүй хэн нэгэнд хэлдэг гэсэн судалгаа байдаг. Сүүлийн нэг жилд 15000 гэр бүл шүүхэд салах өргөдөл гаргасны 12000 гэр бүл нь гэр бүлийн гадуурх харилцаанаас болсон гэх статистик бий. Үүнээс болж 19000 хүүхэд аав ээжийн бүтэн хайранд өсөлгүй хохирч байна.
Гэр бүлээ хуурч эхнэр хүүхдээ араар тавьж харилцаандаа сэв суулгаснаар хүчирхийлэл мөн үйлдэгддэг гэсэн судалгаа байна. Иймээс “Хүчирхийллийг хүчгүйдүүлэх”олон нийтийн хөдөлгөөнд нэгдэхийг уриалж байна. Өөрөөсөө, ойр дотносоо, хөрш айлдаа, хөндлөнгийн хүмүүст ч хамаагүй сайн сайхнаар хандаж саар бүхнийг мэдээлж тусч хүнлэг байх нь энэхүү хөдөлгөөний эхлэл юм. “Хүчирхийллийг хүчгүйдүүлэхэд хүн бүхний оролцоо чухал. Та хэн ч бай ирээдүйн сайн сайхны төлөө энхрий бяцхан үрс, элбэрэлт сайхан ээжүүдийн төлөө, элэг бүтэн амьдралын төлөө хүчирхийлэлгүй хүнлэг нийгмийн төлөө” нэгдэхийг уриалаа.
Г.Нараа