ХУУЧИН ТӨРИЙН “ХУЛГАЙЧ” САЙД
“Унасан бөхийг нэмж нулимдаггүй” монгол зангаа дагаж, АН-ын бузар булай бүхнийг уудалмааргүй л байна. Гэвч Монголын төрд урхаг тарьж буй улстөрчдийн тухай мэдчихээд мэдээгүй мэт суух шиг гэм нүгэл үгүй. Үзэгний үзүүр хөшиж, үгний утга зүйж суудаг сэтгүүлчийн үүрэг бол буруу, зөвийг баримттайгаар олон нийтэд дэлгэн үзүүлэх билээ. Өдгөө УИХ-ын гишүүний эрхэм сэнтийд заларч буй, өнгөрсөнд Аж үйлдвэрийн сайдын албыг хашиж байсан нэгэн хүний увайгүй, мунаг, улаан цайм үйлдлийг дэлгэж байна.
АН-ын төрийн эрх барьсан 2012-2016 оны хооронд төрийн мөнгийг ямар ч хараа хяналтгүй, баруун солгойгүй цацаж үрсэн, завшиж хөлжсөн хүмүүсийн нэг нь Д.Эрдэнэбат юм. Өнөөдөр Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг шамшигдуулсан, төрийн өндөр дээд албан тушаалтнууд өөрсдийн компанидаа давуу эрхтэйгээр зувчуулсан гэх дуулиан дэгдэж байна. Тэгвэл үүний жинхэнэ “загалмайлсан эцэг”, эсвэл “эх баригч эмч” нь УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат ажээ.
Тэрбээр Аж үйлдвэрийн сайд байхдаа Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг ганцаараа эзэрхийлж, эрх мэдэн олгодог байсан баримт бидний гарт байна. Тодруулбал, 2016 оны 03 сарын 22-ны өдөр эрхэм сайд “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор хөнгөлөлттэй зээл олгох журам”-ыг шинэчлэн баталсан тушаал гаргажээ. Түүнд “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь Аж үйлдвэрийн сайдын тушаал болон банкны зээлийн хорооны шийдвэрийг үндэслэн төслийн зээлийг олгоно” гэж цагаан дээр хараар бичээд баталчихсан байх юм. Өөрөөр хэлбэл, хэнд хэчнээн хэмжээний зээл олгохыг Аж үйлдвэрийн сайд дур мэдэн тушаана гэсэн заалт оруулжээ.
/Уг тушаалаас хойш ЖДҮ сангаас нийт 12 тэрбум 377 сая төгрөгний зээлийг ямар ч сонгон шалгаруулалтгүй олгосон байна./
Тун удалгүй үүнийхээ хэргийг харин ч нэг баруун солгойгүй ашигласан байгаа юм даа. Та бүхэн он сарыг сайтар ажиглаарай. Журам өөрчилсөн тухай тушаал 2016 оны гуравдугаар сард гарсан. УИХ-ын ээлжит сонгууль болохоос ердөө гурван сарын өмнө гэсэн үг. Энэ бол зүй ёсоор хардлага төрүүлэх сэжим билээ. Яагаад сонгууль болох гэж байхад Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээл олгох эрх мэдлийг өөр дээрээ татан авчирч, сонгон шалгаруулалтаар олгох ёстой дүрэм журмыг эвдэн, зөвхөн өөрийн гарын үсгээр шийддэг болгож орхисон юм бол оо.
Үүнд хоёр тайлбар бий. Нэгдүгээрт, УИХ-ын ээлжит сонгууль болохоос өмнө эрх мэдэлтэй байгаа дээрээ аливаа хөрөнгийг дур мэдэн зарцуулж амжих гэсэн ад хүсэл, эрээгүй шуналаас үүдэлтэй алхам. Энэ бол тун ичгүүр сонжуургүй, ил цагаан үйлдэл. Монголчууд “Шунал ихдэхээр шулам болно” гэж хэлцдэг. Тэгвэл Д.Эрдэнэбат хэзээний шулам болчихсоны нотолгоо нь энэ тушаал юм. Хоёрдугаарт, УИХ-ын сонгууль болохтой холбоотойгоор ойрын хүрээлэл, дэмжигчид, нутаг усныхнаа хахуульдах, ая тал засах, төсвийн хөрөнгөөр тэтгэхийн тулд өөрөө мөнгө “тараадаг” эрх мэдэлтний дүрд тоглох хэрэгцээ шаардлага үүссэн байж болно.
2016 оны 04 сарын 15-нд “Хоёр тэрбум 652 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг шууд олгохыг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирал Б.Болор-Эрдэнэд даалгасугай” гэсэн тушаалыг Д.Эрдэнэбат үзэглэжээ.
Үүнд ямар олон ноцтой зөрчил байгааг уншигч та анзаарч буй биз ээ. Зүй ёсоороо бол Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хэнд зээл олгохыг Аж үйлдвэрийн сайд байтугай, сангийн захирал нь ч бие даан шийдэх эрхгүй. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийг тусгай комисс хуралдаж байж хэнд олгохыг шийддэг номтой. Гэтэл “Хоёр тэрбум төгрөгийн зээлийг шууд олгохыг тушааж байна” гэж мундагдаж байгаа Д.Эрдэнэбат та яасан мунаг юм бэ.
Мунаг гэх зүйрлэлийг аливаа дур хүслээ хорьж дийлэхгүй, бусдыг хүчирхийлэн эзэрхийлэх ёс суртахуунтай, болхи, бүдүүлэг нэгнийг оноон нэрлэхэд ашигладаг. Тэгвэл энэ удаа Д.Эрдэнэбатад тун зохиж байна. Төрийн өндөр дээд албан тушаалыг ашиглаж, хүч түрэмгийлэн эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан нь хэтэрхий болхи харагдахын зэрэгцээ эрээгүй бүдүүлэг үйл юм.
Дээрх 2 тэрбум 650 гаруй сая төгрөгийг ямар ч шалгуур, болзолгүйгээр өгсөн нь улам ч хардлага төрүүлэх баримт. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл хүссэн иргэд, аж ахуйн нэгжүүд хэчнээн олон билээ. Тэдгээрийг хэдэн сар жилээр төслөө бичиж, сонгон шалгаруулалтад оролцохын тулд нүдээ хөхөртөл нойргүй хонож, итгэлээ чилтэл хариу хүлээн горь тасралгүй, орь тавилгүй харуулдаж байхад мань Д.Эрдэнэбат өрөөндөө сууж байгаад л үзэгнийхээ үзүүрээр хэнд хэдэн төгрөг олгохыг шийдэж байсан гэхээр ямар харгис, яасан гашуун санагдана вэ.
Д.ЭРДЭНЭБАТЫН ХОЁР НҮҮР, ХОМХОЙ ЗАН
Түүний ийм увайгүй үйлдэл хэдэн арваар тоологдохоор цааш үргэлжилсэн байгаа юм. 2016 оны 04 сарын 19-нд 71 дугаартай тушаалаар хоёр тэрбум 967 сая төгрөг олгохыг, 2016 оны 04 сарын 29-ны өдөр 77 дугаартай тушаалдаа 987 сая төгрөгийг “Буян-Од” ХХК-д олгохыг, 2016 оны 05 сарын 04-ны өдөр 79 дугаартай тушаалдаа хоёр төслийг нэг тэрбум зургаан зуун тавин долоон сая төгрөгөөр санхүүжүүлэхийг даалгажээ.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу